Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн холбооны 1000 гишүүнтэй болов. Тус холбоо нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, салбарын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлдэг аж. Үйлдвэрлэл эрхлэгч Ч.Өнөржаргал хэлэхдээ “Хүүхдээ харахын хажуугаар гэрээр лаа, давсан урлал, декор зэрэг гар урлалын бүтээгдэхүүний бизнес эрхэлдэг. Тэрбээр, гар урлалын бизнес хийгээд таван жил болж байна. Өөрийн нэрийн дэлгүүрээ нээсэн. Лаа, давсан урлалаа эко бүтээгдэхүүнээр хийдэг. Ажлын байр, тоног төхөөрөмж, ажиллах хүчний хомсдол тулгамдаж буй асуудал болж байна. Санхүүгийн хувьд улсаас зээл, тусламж аваагүй. Одоогоор гэрийнхээ нэг өрөөнд үйлдвэрлэлээ эрхэлж байна. Төсөл бичээд зээлд хамрагдаж бизнесээ өргөжүүлье гэж бодож байгаа. Гэртээ хүүхдээ харахад нэмэлт орлого, ажлын байр маш их хэрэгтэй байдаг.
Цаашдаа бизнесээ өргөжүүлээд гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдэд тусалъя гэж зорьж байна. Өөрийн чаддаг бүхнээ үнэ төлбөргүй зааж сургаж өгөхийг хүсдэг.
Ганцаараа үйлдвэрлэлээ эрхлэхээр нэлээд удаж бүтээгдэхүүнээ гаргадаг байлаа. Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн холбоонд элссэнээр олон боломж бий болж байгаа. Холбоонд элсээд олон төрлийн сургалтад хамрагдаж, бусдаасаа туршлага хуримтлуулж, танилын хүрээгээ тэлж хамтран ажиллах гээд олон боломжууд бий болж байна” гэв.
Баянгол дүүргийн менежер Ж.Баатар “Баянгол дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулга уулзалт, зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна. Уг холбоог тавдугаар сарын 15-нд байгуулсан. Дөрвөн сарын хугацаанд 1000 гишүүнтэй боллоо. Баянгол дүүргийг 2023 онд жижиг дунд үйлдвэрлэл, эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Үүний хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэдээ дэмжсэн олон ажлуудыг хийсэн. Цаашдаа дүүргийн зүгээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж, хамтарч ажиллана. Жижиг дунд бизнес эрхлэгчид бол улсын анхан шатны хэрэгцээг хангаж буй хөдөлмөрч, мундаг хүмүүс. Цаашдаа холбооны зүгээс шинээр бизнес эрхлэх гэж байгаа хүмүүст чиглэсэн үйл ажиллагаа явуулж, үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүсээ дунд шатанд хүргэх бодлого баримталж ажиллана” гэлээ.