Авлигаар авсан газрын үнэлгээ нь 11 тэрбум төгрөг Авлигачдын албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан авсан газрын үнэлгээ 11 тэрбум төгрөг байдаг аж.

УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайгийн хүргэн Э.Жаргалсайханы нэр дээр хууль бусаар олгогдсон 50.5 га газрыг АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад улсад буцаалгасан байна. Газрын суурь үнэлгээгээр энэхүү газар нь ойролцоогоор 11 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа ажээ.

Т.Бадамжунайг Филиппинээс авчирснаас хойш түүний хэрэг сураг алдарлаа хэмээн олон нийт шүүмжлэх болсон. Тэгвэл 2023 оны намар АТГ-аас түүний хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн байна. Гэвч хэрэг шүүхээс хэдэнтээ буцаж байгаа.

Энэ хооронд АТГ-ын мөрдөгчид хохирол нөхөн төлүүлэх ажлыг хийснээр дээрх 11 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх газрыг хураан авч, төрд буцаажээ. Төрд буцаагдсан энэхүү газар дээр Хавдрын II эмнэлэг баригдахаар хэдхэн хоногийн өмнө шаваа тавиад байна.