“Засгийн газар Огцор” жагсаалыг өнөөдөр 10:00 цагаас үргэлжилнэ. Тэд өдөр бүр, Засгийн газрыг огцортол цуглана гэдгээ мэдэгдсэн. Жагсаалыг Ц.Элбэгдорж зохион байгуулж байгаа юу, эсвэл түүнийг байгаа мэт харуулах хөндлөнгийн зохиол амжилттай болж байна уу… Ямартай ч жагсаалын байр байдал түүнтэй ямар нэг хэмжээгээр холбогдож харагдаж байгааг хэлэх хэрэгтэй.

Уг нь Эрх чөлөөний эвсэл жагсаал зохион байгуулахаа эртнээс мэдэгдэж, иргэдийг нэгдэхийг уриалсаар байсан ч одоогоор хүч сул, зорилго шаардлага зориггүй, үлбэгэрдүү байгаагаас иргэд хоёр дахь өдөр нь бараг ирсэнгүй.

Утаа, түгжрэл, ядуурал, авлига, татвар, ажилгүйдэл, татварын дарамт гээд аль ч асуудлыг Л.Оюун-Эрдэнэ болоод түүний тэргүүлсэн Засгийн газар шийдэж чадахгүй, цаашдаа ч чадахааргүй, чадамжгүй гэдгээ хангалттай харуулж байгаа тул огцруулахаас өөр хувилбар харагдахгүй байгаа нь ч үнэн.

Эхний өдөр жагсагчид төв талбайг гороолж байхад Ерөнхий сайдын дэргэд байгуулсан Нийслэлийн агаарын бохирдлыг буруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын хуралдаан Нийслэлийн төр захиргааны V байранд хуралдсан нь тэр байх. Хурал дуусч хотын дарга Х.Нямбаатар төв талбайг тойрон Хангарьд ордны зүг хөдөлж байхад жагсагчид Төрийн ордон руу дайрах оролдлого хийсэн ч хүчитгэсэн хамгаалалтыг давж чадаагүй.

Өмнөхөө бодвол иргэд хэрсүүжиж, хэн нэгний турхиралтад автахаа больжээ.

11 цагийн орчимд эхэлсэн жагсаал Их Тэнгэр рүү шилжин шөнө дөл болтол үргэлжилсэн бөгөөд тэнд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Цогтоо, Э.Одбаяр, Цацрал нар оройлон явж буй харагдсан. Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай тэргүүтнийг ийг эс тооцвол No War хөдөлгөөнийнхөн жагсаалын эхний өдөр онцлох үүрэгтэй оролцсон ч тэгсхийгээд хойш сууж эхэлсэн. Тус хөдөлгөөнийхөн хэд хэдэн удаа жагсаал зохион байгуулж, Засгийн газрыг огцрохыг шаардаж байв.

No War хөдөлгөөний Д.Монголхүү Х.Баттулгатай МоАХ-ны тамга булаалдаж байсан бол Э.Одбаяр нь АН-ын дарга асан С.Эрдэнийн хүү.

Ц.Оюунгэрэлийн тухайд Ц.Элбэгдоржийг УИХ-ын гишүүн байхад туслахаар, Төрийн тэргүүн байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан нэгэн. Энэ мэт байдлаас өнгөц харвал Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн жагсаалыг П.Цагаан болоод Ц.Элбэгдорж тэргүүтэн санхүүжүүлсэн байж мэдэхээр дүр зураг харагдаж байгаа.

Гэхдээ Ц.Оюунгэрэл Ц.Элбэгдоржоос нүүр буруулаад багагүй хугацаа өнгөрсөн.

2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Ц.Оюунгэрэл “Хэрэгт холбогдсон, бүр онц ноцтой гэмт хэрэгт холбогдсон 15 шүүгч байдаг юм байна. 23 шүүгчийн /Улсын дээд шүүх/ 15 нь гэмт хэрэгт холбогдсон. Өөрөөр хэлбэл, нийт шүүгчийн 63 хувь нь гэмт хэрэгт нэр холбогдсон байна. Холбогдсон гэмт хэрэг нь маш ноцтой. Жишээлбэл, найман шүүгч нь мөнгө угаах гэмт хэрэгт холбогдож байсан байгаа юм. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэгт долоон шүүгч холбогдсон. Захиалгаар хэрэг шүүдэг, Жижиг дунд үйлдвэрийн сангаас зээл авсан хэрэгт холбогдсон, газрын наймаанд холбогдсон шүүгч нар байдаг. Энэ хэрэгт холбогдсон хүмүүс хэзээ ч эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Цахиагийн Элбэгдорж гэдэг хүний үед энэ шүүгч нарын 17 нь томилогджээ. Нийт дээд шүүхийн 70 хувь нь Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үед томилогджээ. Яагаад ийм асуудалтай хүмүүсийг томилоод байдгийг үнэхээр ойлгохгүй байна” хэмээн эгдүүцлээ илэрхийлж байв.

Өмнө нь энэ талаар цухалзуулах үед нь Ц.Элбэгдорж “1996 онд өөрийг нь хүн амины хэрэгт холбогдож, хорьж, цагдуулж, зовж зүдэрч байна гэж Хөвсгөлөөс сонгогдсон гишүүд учирлаж хэлээд, би туслахаараа авч байв. Тэд хүний төлөө, хүн чанартай хүмүүс байсан юм. Юмыг хэн, яаж дүгнэхээс болоод байх шиг байдаг” гэж учир битүүлэг мэдээлэл агуулан жиргэснийг уншигчид санаж л суудаг байх.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн жагсаал болохоос өмнө санхүүжүүлэгч нь П.Цагаан, түүний хүү, мөн Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар хэмээн зарлаад Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлж тавьтаргүйтсэн. Бригадын генерал Р.Чингис Ерөнхий сайдын хэлсэн бүх зүйл худал бөгөөд өөрийг нь гүтгэж, нэр төрд нь халдаад зогсохгүй үндэслэлгүйгээр албанаас нь чөлөөлсөн гээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хуулийн байгууллагад өгөхөө мэдэгдээд байгаа.

Үнэндээ, Дотоодын цэргийн командлагчаа ийнхүү ил цагаан шившиглэсэн нь Монголыг ашиглаж байгаа гадны олон улс орны өмнө хэтийдсэн гутамшиг юм. Засгийн газрын тэргүүн өөрийн болоод улс орныхоо нэр хүндийг шившиглэсний учир шалтгаан нь жалга довны жижигхэн асуудал блов уу…

Түүнд “гөвүүлсэн” Р.Чингис гэж хэн бэ?

Тэр Ерөнхий сайдын гэхээсээ Х.Баттулгын хорхойтой араанд зуугдаж явсан гэвэл илүү үнэнд ойр байж мэднэ. Мөн дүү Р.Саруулынхаа эрхэлж буй алба, гүйцэтгэсэн үүргээс болж ийнхүү чичлүүлсэн байх… Тэрбээр 2014-2016 онуудад АН МАН-ын хамтарсан Засгийн газар байгуулагдах үед Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж, түүний үед Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Шинэ төмөр зам төсөл, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой хэргийг шалгаж таарсан.

Дурьдсан хугацааны төгсгөлд, МАН Засгийн хаалгыг савж гарсны дараахан, 2016 оны дөрөвдүгээр сард Баялгийн хувь, Түмэн хишигтэн зэрэг компаниудын санхүүгийн бичиг баримтыг шалгахаар Баянгол зочид буудалд байрлах оффист нь нэгжлэг хийх гэхэд олимпийн аварга Н.Түвшинбаяр, сумоч Д.Дагвадорж, Херо Б.Баатараар толгойлуулсан бөхчүүд хамгаалан оруулна, оруулахгүйдээ тулан бужигнаж байсныг уншигчид санаж буй биз. Эл явдлыг Х.Баттулга өөрөө хэрхэн мартах билээ…

Түүнчлэн АН-ын дарга асан С.Эрдэнэ АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилогдсон мэдээлэл жагсаалтай давхцан цацагдсан нь гэнэтийн хэрэг биш байх. Намаа хагалж, МАН-ын даалгавраар Ерөнхийлөгчийн сонгууль, нөхөн сонгуулийг будлиантуулах гол үүргийг гүйцэтгэсэн гэгддэг түүнийг албан тушаал авдаг өдөр нь хүү нь жагсаал эхлүүлсэнийг хоорондоо уялдаагүй гэвэл хэтэрхий гэнэн явдал болно.

No War хөдөлгөөнийхний хувьд ял аваад хэсэгтээ сураг алдраад байсан.

Тухайн үед дайныг эсэргүүцэж жагсаал хийсэн нөхдийн шүүх хурал гурав хоног үргэлжилж, тавд нь ял оноосон шийдвэрт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гомдлыг үндэслэсэн гэлцэж байв. Засгийн газрын, Ерөнхий сайдын зүгээс дайныг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан, дуу хоолойг ямар нэгэн байдлаар боомилоогүй гэдгээ илэрхийлж байсан ч тухайн үед Д.Амарбаясгалан цахим хуудастаа “Э.Одбаярын сошиалд түгээсэн мэдээлэл нь Ерөнхий сайдын нэр хүндэд халдсан учир МАН-ын хууль эрхзүйн хэлтсээс хууль эрхзүйн байгууллагад хандаж гомдол гаргасан” гэж жиргэсэн.

Намын генсек ингэж мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэрийг Л.Оюун-Эрдэнийн гомдлоор гэж зарлан хөдөлгөөний залууст ял оноосон явдлыг МАН-ын дотоод дахь бүлэг фракциудын зодоонтой холбоотой хэмээн тайлбарлагсад олон байсан. Гэхдээ гол буруутнаар Д.Амарбаясгаланг нэрлэж байсныг энд тэмдэглэчихэд буруутахгүй биз.

Д.Амарбаясгалан намын өрөөнөөсөө ховхорч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын сэтэр зүүгээд хоёр сар болж байсан үе.

Түүний тэр үеийн мэдэгдэлд МАН-ын Хууль эрхзүйн хэлтсээс гомдол гаргасан гэдгийг тодотгосон байсан бөгөөд тэр нь энэ удаагийн жагсаалыг ахтайгаа нийлж санхүүжүүлсэн гэгдсэн Р.Саруул байсан юм.

МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Р.Саруул Д.Амарбаясгалан нар эртнээс гар нийлж ажилладаг нөхөд. Хэн хэн нь У.Хүрэлсүхийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхаас намдаа зүтгэсэн бөгөөд нэг нь генсек, нөгөө нь хууль эрх зүйн хэлтсийн дарга болтол дэмжсэн.

Харцаараа ойлголцдог болтол гар нийлсэн тэднийг Л.Оюун-Эрдэнэ мэдэхийн дээдээр мэдэх тул жагсаалын ард Р.Саруул, Р.Чингис нар бий гэсэн нь Д.Амарбаясгаланд зориулсан үг хэмээн тайлбарлах хэсэг бүлэг ч  байна.

Алин ч байлаа гэсэн Л.Оюун-Эрдэнийн өөртөө зориулж хүчээр босгосон бүтэц олон нийтэд таалагдахгүй  байгаа тул түүнийг жагсагчдын шаардлага нэр дор намаас шахах бодлого эрчтэй яригдаад эхэллээ. Эл байдлаар цааш урагшилбал тун удахгүй МАН гэх нам үгүй болж Х.Баттулга, З.Энхболд, А.Амундра, херо Б.Баатар тэргүүтэн Тусгаар тогтнолын ордонд эзэн сууж МоАХ-ны хөх тугийг оройд залах нь цэг хугацааны л асуудал болчихож хэмээн намын Удирдах зөвлөл төдийгүй Бага хурлын гишүүд нь ч дүгнээд эхэлчихэж.

Магадгүй л юм…

Х.Баттулга ердөө дөрөвхөн жилийн өмнө МАН-ыг тараах захирамж гаргаж байсан Ерөнхийлөгч. Тэр Ерөнхийлөгчөөс буусан ч үзэл бодол, байр сууринаасаа ч буугаагүй яваа улстөрч шүү дээ!!!