Чуулганы өнөөдрийн /2025.01.16/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаан Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлаар үргэлжиллээ.
Эдийн засгийн байнгын хорооны 2024.12.24-ний өдрийн хуралдаанаараа Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад Нинжбатын Ууганбаатар, гишүүдэд Сугарын Лхагвадорж, Гэрэлтийн Тэлмэн, Данзанбалжирын Энхжаргал, Ундраагийн Хосжаргал, Тунсагийн Тэлмэн, Гомбын Эрдэнэбаяр нарын нэрийг дэвшүүлсэн гээд Байнгын хорооны 2024.11.05-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан “Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу нэр дэвшигчид нь өөрийн танилцуулга, холбогдох бусад баримт бичгээ бүрдүүлж, ирүүлжээ.
Мөн Байнгын хороо УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасны дагуу “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” тогтоолыг баталж, 2025.01.14-ний өдөр Нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар, сонсгол даргалагчаар Р.Сэддоржийг томилсон. Байнгын хорооноос зохион байгуулсан Нэр дэвшигчийн сонсголд Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, гишүүн Ж.Алдаржавхлан, М.Бадамсүрэн, Р.Батболд, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Э.Батшугар, Х.Ганхуяг, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Мөнхсоёл, П.Сайнзориг, Л.Соронзонболд, С.Цэнгүүн, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг, Да.Цогтбаатар, С.Эрдэнэбат нарын гишүүд оролцсон гэж байлаа.
Байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа нэр дэвшигчийн сонсгол явуулсан талаарх тайланг хэлэлцсэн гээд Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар Нинжбатын Ууганбаатарыг, тус зөвлөлийн гишүүнээр Сугарын Лхагвадорж, Гэрэлтийн Тэлмэн, Данзанбалжирын Энхжаргал, Ундраагийн Хосжаргал, Тунсагийн Тэлмэн, Гомбын Эрдэнэбаяр нарыг томилуулахыг дэмжье гэсэн томьёоллоор нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тухай бүр дэмжсэн болно. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Д.Даваасамбууг Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас, Л.Ариунаа, Л.Дондог, Б.Лхагважав, Б.Цэрэнбалтав, Ч.Чимидсүрэн, М.Энх-Амгалан нарыг тус зөвлөлийн гишүүнээс чөлөөлүүлэх саналыг хуралдаанд оролцсон байна.
Нэр дэвшигчид болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Б.Бат-Эрдэнэ жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд Монголбанк санхүүжилтийн бодлогыг хэрхэн дэмжиж ажиллах талаар лавлахад, нэр дэвшигч Н.Ууганбаатар, “Жижиг, дунд бизнесийг дэмжих нь мөнгөний бодлоготой холбоотой. Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа мөнгөний бодлогоос салангид байх ёстой тул шууд нөлөөлөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, Хяналтын зөвлөлөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байхгүй” гэж хариулсан.
Мөн УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дижитал технологийг хяналтын чиг үүрэг, үйл ажиллагаандаа хэрхэн, яаж нэвтрүүлэх талаар тодруулахад, нэр дэвшигч Г.Тэлмэн “Монголбанкнаас банкны үйл ажиллагаа эрхэлж буй 25 банк, болон банкнаас бусад үйл ажиллагаа явуулдаг этгээдүүдийн үндэсний төлбөрийн системд оролцдог болсон. Ингэснээр 24 цагийн турш үргэлжлэх зээл, төлбөр тооцооны үйл ажиллагааг Монголбанк зохицуулдаг. Үүнийгээ дагаад тус банк хяналт шалгалтдаа боломжийн сайн технологиудыг ашигладаг. Гэхдээ банкнаас бусад үйл ажиллагаа явуулдаг этгээдүүдээс иргэд давхардуулж зээл авснаар эцэстээ өрийн дарамтад орж, төлж чадахгүйд хүрдэг тул Монголбанкнаас нэн яаралтай зээлийн мэдээллийн сангийн мэдээ нийлүүлэлтийг бодит горимд шилжүүлэх шаардлагатай байна” хэмээн хариулж байлаа.
Гишүүдийн зүгээс нэр дэвшигчдэд хандан салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан мэргэжлийн хүмүүс ажиллахаар болж буйд амжилт хүсэхийн зэрэгцээ Монголбанкны Хяналтын зөвлөл чухал үүрэгтэй газар тул зөвд зөөлөн, бурууд хатуу байх төрийн хүний зарчмыг барьж ажиллах, цаашлаад төсөв болон төрийн мөнгөний бодлогыг холилдуулахгүй байх, банканд хураагдсан байгаа хөрөнгийг борлуулж, шилжүүлэх замаар Капитал банкны хохирогчид болох Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн хохирлыг барагдуулах асуудалд анхаарал тавьж, шуурхай ажиллахыг хүсэв. Мөн Монголбанкы Хяналтын зөвлөл хараат бусаар ил тод, холбогдох зөвлөмжүүдээ хэрэгжүүлж ажиллахын тулд санаачилгатай, зоригтой ажиллахыг захиж байлаа.
Дараа нь санал хураалт явуулахад Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар Н.Ууганбаатарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60.2 хувь нь, тус зөвлөлийн гишүүнээр С.Лхагвадоржийг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь, Г.Тэлмэнг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.3 хувь, Т.Тэлмэнг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.7 хувь, У.Хосжаргалыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь, Д.Энхжаргалыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.5 хувь, Г.Эрдэнэбаярыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 65.6 хувь нь тус тус дэмжлээ. Иймд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Д.Даваасамбууг Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас, Л.Ариунаа, Л.Дондог, Б.Лхагважав, Б.Цэрэнбалтав, Ч.Чимидсүрэн, М.Энх-Амгалан нарыг тус зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.9 хувь нь дэмжсэн.
Дараа нь Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Эдийн засгийн байнгын хорооны 2024.12.03-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” 05 дугаар тогтоолын дагуу зарласан нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд Идэшийн Батхүү, Төмөрбаатарын Гарамжүгдэр, Авирмэдийн Даваасүрэн, Ганболдын Золбоо, Дамдиндоржийн Мягмарцэрэн, Дорждэрэмийн Цолмон нарын нэрийг дэвшүүлснийг дурдаад Эдийн засгийн байнгын хорооны 2024.11.05-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу нэр дэвшигчид нь өөрийн танилцуулга, холбогдох бусад баримт бичгээ бүрдүүлж, тус Байнгын хороонд ирүүлжээ.
Байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол явуулсан талаарх тайланг хэлэлцүүлэх үед УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асуугаагүй бөгөөд Идэшийн Батхүү, Төмөрбаатарын Гарамжүгдэр, Авирмэдийн Даваасүрэн, Ганболдын Золбоо, Дамдиндоржийн Мягмарцэрэн, Дорждэрэмийн Цолмон нарыг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд томилуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг П.Сайнзориг гишүүн онцолсон.
Байнгын хорооны санал, дүгнэлт болон нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, төлөвлөгөө, төсвийн үр дүнг зөв хэмжиж чадахгүй байгааг дурдаад Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнээр томилогдохоор нэрээ дэвшүүлсэн багийнханд зөв шалгуур үзүүлэлтийг хэзээнээс ашиглаж, олон улсад хэрэгжүүлж буй үр дүнд суурилсан төлөвлөлтийг хийхэд тодорхой бодлого, зорилт байгаа эсэхийг лавлаж байлаа. Харин УИХ-ын гишүүн А.Аруинзаяа, Статистикийн тухай хуулиараа орон тооны бус зөвлөл байгуулах гэж буй учраас УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Шинжлэх ухааны академиас тус бүр хүнээ дэвшүүлж, иргэдийн төлөөллөөс хүмүүс оруулж ирж байгаа нь сайн хэрэг гээд Үндэсний статистикийн хороо нь мэргэжлийн байгууллага тул статистикийн мэдээллийн хэрэглээг нэмэгдүүлэх, сайжруулах, олон нийтэд таниулахад онцгойлон анхаарч, улмаар Статистикийн тухай хуулийг шинэчлэн найруулахад хамтарч ажиллахыг хүслээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Хэрлэн салбар хоорондын уялдааг хангаж мэдээллийг боловсруулах, статистикийн мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр түгээхэд анхаарч, хариуцлагатай ажиллахыг захиж байв.
Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнээр И.Батхүү томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувь, Т.Гарамжүгдэрийг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 55.9 хувь, А.Даваасүрэнг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь, Д.Мягмарцэрэнг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 50.5 хувь, Д.Цолмонг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 55.9 хувь, Г.Золбоог томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.1 хувь нь тус тус дэмжсэн.
Энэ үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонсох санал гаргалаа. Иймд “Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох, чөлөөлөх тухай”, “Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай”, “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай”, “Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай”, “Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, дарга, гишүүнээс чөлөөлөх тухай”, “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүдийг томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн найрууллагыг сонсов.