Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээнд ӨНӨӨДӨР талууд гарын үсэг зурлаа. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Т.Доржханд, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд оролцов.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, гэрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол”компанийн гүйцэтгэх захирал Н.Наранцогт нар гарын үсэг зурлаа.

Төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 500 сая ам.доллар бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс хойш дөрвөн жилийн хугацаанд хийх юм. Хөрөнгө оруулалтын гэрээнээс онцлох зохицуулалтуудыг танилцуулъя.

1. Төслөөс авах орлого иргэдийн хуримтлалын дансанд шууд орно. Гэрээний нийт хугацаа 20 жил байна.
2. Нийт орлого 4.4 тэрбум доллар, улсын төсөвт 70 сая, орон нутагт 29 сая, ирээдүйн өв сан 36 сая, хуримтлалын санд 593 сая доллар төвлөрнө.
3. Жил бүр төслийн үр өгөөжийн 51 хувийн орлогыг Монгол Улс авна. Үндсэн хуульд заасны дагуу ямар ч тохиолдолд 51 хувийн өгөөж авахаар зааж өгчээ.
4. Бүтээн байгуулалтын үе шат буюу 2028 он хүртэл орон нутгийн санд жил бүр 300 мянган доллар, уурхай ашиглалтад орсон цагаас жил бүр 1 сая доллар, нөхөн сэргээлтийн 10 жилийн хугацаанд мөн 1 сая доллар төвлөрүүлнэ.
5. 2028 он хүртэл бүтээн байгуулалт өрнөнө. Нийт санхүүжилт 500 сая америк доллар байна. Үүнээс цааш төлбөрийг төсөл өөрөө санхүүжүүлнэ.
6. Монгол Улсын Засгийн газар давуу эрхийн 10 хувийн хувьцаа эзэмшинэ. Энэ нь санхүүгийн ямар ч үүрэг хүлээхгүй, хөрөнгө гаргахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл компани ямар ч зардал гаргасан бид авах ёстой өгөөжөө бүрэн авна.
7. Ураны үнэ 1 фунт нь 40 ам.доллароос доош унавал, 170 ам.доллароос дээш гарвал хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх асуудлыг дахин ярилцаж болно. Өнөөдрийн байдлаар 1 фунт уран 40-60 ам.долларын үнэтэй байна.
8. Монгол Улсыг төлөөлж “Бадрах Энержи” компанийн ТУЗ-д нэг хүн орно. Гэхдээ энэ хүн бүх шийдвэрт шууд хориг тавих давуу эрхтэй байх юм.
9. Гэрээг бүхэлд нь Монгол Улс боловсруулна. Ингэхдээ бүх хууль, дүрэм нийцүүлэх юм.
10. 15 төрлийн татвар, төлбөр хураамж төлнө. Гэхдээ нийгмийн даатгал, ус ашигласан төлбөр болон агаарын бохирдол, гаалийн албан татвар, автомашины албан татварыг өгөөж гэж үзэхгүй юм.
11. АМНАТ, АНОАТ, давуу эрхийн татвар, ногдол ашгийн суутган татвар, орон нутгийн санд орох дэмжлэг, тусгай зөвшөөрлийн төлбөр, үл хөдлөхийн татвар, гадаад ажилтны төлбөр зэргийг компанийн зардалд тусгахгүйгээр бүрэн төлнө.
12. АНОАТ, гаалийн албан татвар, НӨАТ, АМНАТ гэсэн дөрвөн татварыг тогтворжуулна.
13. Байгаль орчинтой холбоотой татварыг огт тогтворжуулахгүй
14. Татвартай холбоотой маргааныг дотоодын шүүхээр шийднэ. Шууд арбитрын шүүхэд хандахыг хориглоно.
16. Уурхайн 90 хувиас дээш ажилтнууд нь Монгол Улсын иргэн байна. Монгол ажилчдын таваас дээш хувь нь тухайн сумын иргэд байна.