За, Лодойсамбуу гишүүний Ерөнхий сайдыг огцруулах талаар гаргасан албан бичигт дэмжиж гарын үсэг зурснаа Баярмаа, Бямбасүрэн нарын хоёр гишүүн, Засгийн газрыг авч үлдэнэ гэдгээ Болормаа, Уянга, Нарантуяа, пороро Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүн, одоохондоо шийдээгүй байна гэдгээ Энхтүвшин нар цахим хуудсаараа илэрхийллээ.

Хуульд зааснаар УИХ-ын гишүүдийн дөрөвний 1 буюу, 32 хүн дэмжсэн тохиолдолд УИХ-аар энэ асуудлыг албан ёсоор авч хэлэлцэнэ. Гэхдээ нэг сонин асуулт байна.

Монгол Улс чинь төрийн ордонтой, Парламентийн танхимтай, өчнөөн олон хүн ажилладаг, тусгай хамгаалалттай биз дээ. Засгийн газрын асуудлаа Парламент нь шийдэх эрх, үүрэгтэй. Гэтэл яагаад цахим орчинд, сошиал хуудсаараа дамжуулан энэ гишүүд ээлж дараалан мэдэгдэл хийгээд, Лодой над руу утасдаарай, Лодой надтай ярих хэрэггүй гээд зарлаад байгаа юм бол?

Тэгснээ бас Засгийн газраа ийм, тийм учраас дэмжинэ, ингэж тэгж ажиллана гээд эерэг ба сөрөг сурталчилгаа явуулаад байх юм. Энэ чинь ямар хувийн нүүр хуудастаа зарлал тавиад л шийдчихдэг хэрэг юм уу? Тийм бол бид бүгд оролцмоор байна. Төрийн ажил иймдээ тулсан шоу болчихсон уу? Ажлын зар, авлага өглөгийн нэхэмжлэх юм уу?

Яагаад ингээд байгааг ихэд гайхлаа. Яах гэж, юуны тулд Парламент гэж байдаг, түүнд сонгогдож, тангараг өргөн орж суудаг юм бэ? Сошиал орчин нь Парламент болчихсон уу? Тэгвэл сонгууль хийх хэрэггүй юм биш үү?

Төсөв хэлэлцэх болохоор бүгд нууц, бүх юм нууц, стратегийн орд ярих болохоор яагаад ч юм нууц, тэгснээ гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрынхаа хувь заяаг ярилцах болохоор хувийн нүүр хуудсаараа ховын байдалтай зар тавиад болчих юм уу?

Зарчим хаана нурав, албан ажлаа албан орчиндоо, албаны зарчмаараа ярих нь УИХ-ын гишүүний ёс зүй шүү. Төрийн асуудлыг төрийн хууль журамдаа багтаж, төрийн ордондоо ярьдаг баймаар байна. Нэртэйгээр нь зүгээр ил, тод лайвдаад, улсаараа грүпп чат үүсгэж байгаад үзэж тарах юм уу? Тэгээд тэр төрийн ордноо худалдааны төв болгочихвол болох уу?

Төрийн байгуулалтын байнгын хороо зэрэг байгууллагаа татан буулгачихгүй юу. Сошиал лайваар бараагаа л сурталчил, саналаа өгдөг талбар энэ лав биш ээ. Төрийн хэргийг төрийнхөө хойморт, гэрийн хэргийг гэрийнхээ зайд шийдвэл яасан юм бэ? Монголын сошиал орчинд мониторинг хийгээд сууж байгаа хэчнээн олон гаднын байгууллага байдгийг та ч мэдэхгүй, би ч таахгүй.

Сэтгүүлч Р.Эмүжин