Лу.Гантөмөрийн тэргүүлсэн АН хамтарсан Засгийн газарт орсон нь үнэн. Товчхондоо бол МАН-тай хамтарсан болохоос МАН-д элсээгүй, нэгдээгүй, үзэл баримтлал нь АН хэвээрээ. Тийм байтал энэ нөхөр нөгөө хэл амаа билүүдэж, хэдэн хүүхдийн орох оронгийн асуудалд орооцолддог Мөнхтуяагаа өмөөрч авч үлдээд, төсөв сэрээж, төр сэлгэх чиглэлд үгээ хэлсэн хоёр гишүүнээ намаас хөөнө гэнэ ээ.
Тэгэхдээ сонгуульд нэр дэвшихэд нь байгуулсан гэрээгээ дагаж намаас хөөнө гэчихлээ. Намын дүрэм, үзэл баримтлалаас илүү үнэтэй ямар гээч чөтгөрийн гэрээ байдаг юм, үзмээр байна. АН-ын төдийгүй монголчуудын үнэт зүйл нь өөрөө ардчилал шүү дээ. Баярмаа бол төсвийн үеэр маш олон удаа хонх цохисон, өдгөө үг хэлэх эрх чөлөөний үнэ цэнэ хумигдсаар байгааг чангаар зарлаж байгаа эмэгтэй. Лодойсамбуу Засгийн газрыг огцруулах саналаа УИХ-ын эрх бүхий гишүүний хувьд гаргасан.
Угаасаа АН үеийн үед сөрөг хүчин байсан, гудамжинд лааз өшиглөсөн ч, танхимд багтаад суусан ч Засгийг огцруулъя гэж зантай дуугардаг нам. Тэглээ гээд нэгийгээ намаас хөөнө, нажидыг нь эдлүүлнэ гэдэггүй. Асуудал дүрэм журмынхаа дагуу л урагшлаад, гишүүдийн санал гүйцвэл хэлэлцээд, эс гүйцвэл хаяад урагшилдаг. Гэтэл энэ удаа Лу.Гантөмөр эл хоёр гишүүнээ хөөнө тууна, хөхөө өвлөөр гаргаж хаяна, манай хүүхэд биш, мангар юм байгаа юм гэх нь холгүй ярдаглаж байна.
Баярмаа, Лодойсамбуу хоёр хэн ч байж болно оо, хувь хүний алдаа энэ тэрийг нь мэдэхгүй. Гэвч АН-ыг чинь АН байлгаж чадаж байгаа улс шүү. Ер нь бол дүрэм журмаа л дагая гээд байгаа бол эхлээд намынхаа ҮЗХороог хуралдуулаад, Гантөмөр өөрөө дарга байх нь зөв үү, буруу юу гэдгээ шийдчих эээ. Тэр гишүүдтэй хийсэн гэрээ гээд байгаа юмаа нээлттэй зарлаад бидэнд үзүүлчих. Нэг намын гишүүдтэйгээ хийсэн ГЭРЭЭ төдий хуудас цаасанд л монголчуудын төр, нийгмийн амьдрал багтдаг болчихсон юм байна гэж ойлголоо. Бид гэртээ сууж байгаа атлаа Гантөмөрийн гэрээн дотор амьдардаг болжээ.
Тиймээс наад гэрээ чинь монгол хүн бүрт хамаатай, үзмээр байна. Гишүүн хүний төр, түмэндээ өргөсөн тангарагаас илүү гэрээ гэж юу байдаг юм, харъя. Дээр нь нэмж хэлэхэд Баярмаа, Лодойсамбуу хоёрыгоо хөөчихвөл танай АН ардчиллын гол хүчин бус, хөөтэй тогооны алчуур, хөмөрсөн арагны савар гэж мэд.
Тэр үед АН-ын дарга гэж явах ч ичгэвтэр хэрэг болно шүү. За тэгээд, гэрээ гэдэг юмыг чинь үзье, харъя. Өндөр төрийн хэргийг, өргөн түмний явдлыг өчүүхэн гэрээгээр хязгаарлах эрх өөрт чинь үгүй гэдгийг санаж яв даа!
Сэтгүүлч Р.Эмүжин