Жүжигчин Ким Сэ Рун энэ сарын 16-нд нас барсан байдалтай олджээ. Тэрээр өдгөө  25 настай аж.

Цагдаагийн газраас мэдээлснээр, Сөүл хотын Сонгдунг цагдаагийн хэлтэс тухайн өдөр 17:00 цагийн орчимд мэдэгдэл хүлээн авч, хэргийн газарт очсон байна.

Хамгийн түрүүнд түүнийг олсон хүн нь өнөөдөр уулзахаар байсан найз нь байсан гэж мэдээлэгдэж байгаа бөгөөд үхлийн шалтгаан одоогоор тогтоогдоогүй байна.

Цагдаагийн төлөөлөгч “Үнэн бодит шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгаж байна” гэж мэдэгджээ.

Ким Сэ Рун нь 2022 оны 5-р сард согтуугаар жолоо барьж, замын мод болон трансформатор мөргөн, осол гаргасны дараа хэргийн газраас зугтсан тул 20 сая воны торгууль оноожээ. Үүнээс хойш тэрээр уран бүтээлээ түр зогсоогоод байсан аж.

Ким Сэ Руны сүүлийн бүтээл нь Netflix-ийн “Агнуурын ноход” бөгөөд осол гарахаас өмнө зураг авалт хийгдсэн байсан. Өнгөрсөн оны 5-р сард тэрээр “Донгчим” жүжгээр уран бүтээлдээ эргэн орохоор төлөвлөж байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар гарахаар шийдсэн байна.