Гашуунсухайт, Ганцмодны төмөр замын холболтыг түүхэн агуу шийдвэр мэтээр хэд хоног л хэлбэрдлээ. Үнэндээ бол Монголын төр алдаагаа л зассан хэрэг шүү дээ, юу үнэн, энэ үнэн. Юу болоод өнгөрснийг бүгд мэдэж байгаа, одоо энэ сэдвийг улстөржүүлж уянгалаад, улсын дайсан хайж тархи угаагаад байх хэрэггүй болсон. Женко Тавантолгойд хүрз гишгээгүй ч төмөр зам тавьж хэдэн жил хэнхэлзээд, тэгсэн нөгөөх нь 15км зөрчихсөн, хил дээр очихоороо мухар, хэл үг татлахаараа царигийн хэрүүлтэй. Оюун-Эрдэнэ Женко ахынхаа алдааг өдий олон жилийн дараа, хамтарсан Засгийн газар байгуулж байж заслаа. Гашуунсухайт, Ганцмодны төмөр замын холболтыг хийх гэж хятадууд ч ихээхэн юм нэхлээ, Оюун-Эрдэнэ ч эцээхэн зүтгэлээ. Атал эл шийдвэрийн эргэн тойронд бөөн сенсаац, одоо бүр холболт хийлгэлгүй гацаасан хорлонтны эрэлд, нүүрс хулгайлж зөөсөн нүгэлтний эрэлд улсаараа мордож байна. Өөр талаас нь харъя, мухар төмөр замаас болоод нүүрсний хулгай цэцэглэсэн, нүүрс тээврийн компаниуд борооны дараах мөөг шиг олширсон.

2019-2023 онд нийт 350 гаруй нүүрс тээврийн компани бүртгэгдсэн байдаг. Гэтэл энэ олон компанийн цаана 81-хэн эзэн бүгдийг атгаад сууж байдгийг АТГ тогтоосон. Нүүрсний хулгайг шалгах сургаар 150 болж цөөрсөн гэдэг боловч Цагаанхадны замыг там болгосоор өнөөг хүрсэн. Энэ компаниуд бүгд монгол нэртэй, хятад эзэнтэй, хамтарсан хаягтай. Засгийн газрын үзэглэсэн Гашуунсухайт, Ганцмодны төмөр замын холболт хийгдвэл дээрх компаниудын ажил зогсоно. Давуу эрхээр нүүрс авдаг, даллаж загнаад зөөдөг явдал дуусна, орлого үгүй хоцорно, он залуу том тэрэгнүүдээ задалж зарах уу, байх уу гэдэгтээ тулна. Тэгэхээр Ганцмод, Гашуунсухайтын төмөр замын холболтыг гацаасаар өнөөг хүрсэн дайснаа үндэстнээсээ биш, үүрээ зэрэгцүүлээд барьчихсан тэр 81 боссоосоо хайгаач ээ.

Монголчуудыг хооронд нь алалцуулж байгаад хонжоо олоод сурчихсан, нүүрсээр хөлжиж, нүүрээ ширлэсэн хэдэн бүдүүн хятад байна аа. Ямар сайндаа Хятадын Засгийн газар эл холболт хийх гэрээндээ хэд дахин өөрчлөлт оруулж, өөрсдийнхөө нүүрс тээврийн компаниудын эрх ашгийг багтааж байх билээ дээ. Нүүрс бол манай урд хөршийн стратегийн бодлогын нэг хэсэг. Хэдэн муу монгол жолоочийг маань шахаж хөөгөөд, шалдалж хавчаад, хятад жолооч нар л модонд авирч хаданд дүүлээ биз дээ. Одоо Монгол, Хятадын хил боомт дээр хамгийн том боссууд, хамгийн бүдүүн дарга нар чинь тэд л байдаг болсон. Холболт гацаадаг хорлонтнууд гэдэг чинь бүхнээ алдах гээд байгаа нүүрс тээврийн тэдгээр хятад эзэнтэй, монгол хаягтай компаниуд шүү. Өмнөд хилийг атгачихсан өөдгүй шуналтнууд гэж мэд. Учир мэдэх улс гадарлаж л байгаа, нүүрс тээвэрт оройлдог Winsway, Chalco, Bayannaeor гээд нууцын зэрэглэлтэй гэрээнүүдтэй, Монголын төрд өөрсдийг нь төлөөлдөг эрлийз банхруудтай компаниуд бий. Манай монголчууд бол том, жижиг ялгаагүй, нүүрсээ хурдан түргэн гаргаж л байвал боллоо гээд залбирч суудаг биш бил үү? Дахин хэлэхэд Хятадаас цемент зөөдөг хятад хөрөнгө оруулалттай компаниуд л Монголын цемент үйлдвэрлэгчдийн эсрэг лообийдсоор байгаад төрөөр нь төмөр нударга өгүүлж чадсан шүү дээээ, энэ үлгэр л энүүхэндээ нүүрсний нэрээр давтагдаж байна. Товчхондоо бол хагалан бутаргадаг гаднын технологийг харайж очиж үндэстнээрээ үмхээд баймааргүй байна ааа.

Сэтгүүлч Р.Эмүжин