Монголын ахмадын холбоо, Баянгол дүүргийн Ахмадын хороо хамтран “Аймаг, нийслэл, дүүргийн Ахмадын хороодын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд  Монголын ахмадын хорооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, ГБХНХЯ-ны хэлтсийн дарга Ю.Отгонбилэг, Монголын ахмадын хорооны Гүйцэтгэх захирал П.Бямбацэрэн, Баянгол дүүргийн ахмадын хорооны дарга Ж.Намнансүрэн болон бусад зочид төлөөлөгчид оролцож төв, орон нутгийн ахмадын байгууллагуудаас төрийн чиг үүрэг хэрэгжүүлэх хүрээнд 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажил, энэ онд хийхээр төлөвлөсөн ажлын талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо.

Энэхүү арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар оролцсон бөгөөд Удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож буй нийт төлөөлөгчдөд амжилт хүсээд дүүргийн зүгээс Ахмадын хороотой хамтран хэрэгжүүлсэн ажил болон ахмадын хөгжил, хамгааллыг дэмжих чиглэлээр хийсэн ажлын талаар товч мэдээлэл өглөө. Мөн дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ахмадуудыг дэмжих чиглэлээр хийхээр төлөвлөсөн ажлын талаар мэдээлэл өгсөн юм.



Аймаг, нийслэл, дүүргийн Ахмадын хороодын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Монголын ахмадын хорооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар аймаг, нийсэл, дүүргийн ахмадын хорооны дарга нартай 2025 оны үр дүнгийн гэрээ байгууллаа. Энэ үеэр Монголын ахмадын хорооны дарга Ц.Сүхбаатар Баянгол дүүргийн ЗДТГ-ыг ахмадуудад ээлтэй, ахмадын байгууллагыг дэмжигч төрийн захиргааны байгууллагаар шалгарсныг уламжилж, Хүндэт өргөмжлөл гардуулсан бөгөөд зөвлөгөөний үеэр Ахмадын холбооны дарга нар дүүргийн Ахмадын хороо болон ахмадын Хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах юм.