Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд “Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” түр үзэсгэлэн 2025 оны 04 дүгээр сарын 09-ны 11:40 цагаас нээлтээ хийнэ.

2025 оны 04-р сарын 09-ний өдрөөс 04-сарын 18-ыг хүртэл 10 хоногийн хугацаанд Монголын Үндэсний музей санаачлан Монгол туургатан хэл хуурын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй “НҮҮДЭЛЧДИЙН ХЭМНЭЛ ХЭЛ ХУУР МИНУ” үзэсгэлэнг Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд дэглэн олон нийтэд танилцуулна.
Соёлын биет бус өв болох нүүдэлчдийн эртний язгуур өвөг хөгжим хэл хуурыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх юм. Аман хэл хуур хөгжим нь дэлхийн 160 гаруй оронд тархаж тухайн орны байгаль цаг уур, ард түмний сэтгэлгээ, зан заншил уламжлалыг шингээсэн онцлогтой байдаг.
Бид энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан 20 гаруй угсаатны 90 гаруй аман хэл хуурыг дэглэн хүргэх юм. Тодруулбал 1989 онд Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших Морин толгойн дурсгалт газрын Хүннүгийн булшнаас олдсон “Ясан хуур”-ын хувилмал загвар, эртний баатруудын “Нуман хуур”, бууны сумны хонгиогоор хийсэн гуулин хуур түүнчлэн Австри, Франц, Япон, Хятад, Якут, Польш, Унгар, Тува зэрэг олон орны сонин содон хэл хууруудыг дэглэн толилуулах юм.
Тус үзэсгэлэн нь 2025 оны 4 сарын 9-с 4 сарын 18 өдрүүдэд нийт үзэгчдийнхээ насны онцлогт тохирсон сонирхолтой эвент, арга хэмжээ, боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бөгөөд үүнд:
– “ХУЛСАН ХУУРЫГ УРЛАХУЙ” боловсролын хөтөлбөр
– “ХӨГЖИМТ ЗУРГИЙН СЭТГЭЛ ЗАСАЛ” эвент
– “ХЭЛ ХУУР МИНУ” танилцуулга сургалт
– “ТОД ЭГШИГ ХЭМНЭЛ” хөгжимт сэтгэл заслын боловсролын хөтөлбөр
– “ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИД БА ЭРТНИЙ ХӨГЖМҮҮД” хэл хуурын тоглолт зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдана.
“НҮҮДЭЛЧДИЙН ХЭМНЭЛ ХЭЛ ХУУР МИНУ” үзэсгэлэнгийн нээлт 2025 оны 04-р сарын 9-ний өдөр 11:30 цагаас Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд болно.

Эрхэм хүндэт үзэгчид та бүхэн хүрэлцэн ирж нүүдэлчдийн эртний амьдрал ахуйн тод эгшиг хэмнэлийг мэдэрч аялахыг хүсье.