Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболдтой Сүхбаатар дүүрэг, тэр дундаа Сэлбэ гол дагуу хийгдэж байгаа бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.

-Нийслэлийн удирдлагууд Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна. Дүүргийн удирдлагуудын зүгээс ямар асуудлыг тавихаар төлөвлөөд байна вэ?

-Сүхбаатар дүүргийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлаар нийслэлийн удирдлагуудтай санал солилцож байна. Цаг үеийн шинж чанартай асуудал гэвэл сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой асуудлыг тэргүүнд авч хэлэлцэнэ.

 -Сүхбаатар дүүргийн хувьд сургууль, цэцэрлэгийн хамрагдалт харьцангуй өндөр биш үү?

-Сүхбаатар дүүргийн хувьд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ харьцангуй гайгүй. Хувийн орон сууцыг түрээсээ сургууль, цэцэрлэгээр ажиллуулах чиглэлийг Нийслэлийн Засаг даргын зүгээс өгсөн. Энэ чиглэлээр ажил хийгдэж байна. Сургууль, цэцэрлэгийн хамрагдалт дээр ямар нэгэн асуудал гарахгүй гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

-Хөрөнгө оруулалтын хувьд гацаанд орсон сургууль, цэцэрлэгийн барилгын асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол?

-Нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тодорхой хэдэн сургууль, цэцэрлэг гацчихаад байгаа. Үүний хөрөнгө оруулалтын ажлыг яаж урагшлуулах уу, хэрхэн шийдвэрлэх үү гэдгийг нийслэл, дүүргийн удирдлагууд хамтдаа сууж байгаад ярих асуудлууд бий.

Мөн шүдний өвчин болсон түгжрэлийн асуудлууд бий. Өвөлжилтийн асуудал байна гээд цаг үеийн тулгамдсан асуудлууд байна. Эдгээр асуудлуудыг нийслэлийн удирдлагуудтай ажил хэргийн түвшинд уулзаж байнга ярьдаг зүйлүүд. Гол нь өнөөдөр тодорхой асуудлаа шийддэг хүмүүс нь нэг дор сууж байгаад асуудлаадаа газар дээр нь шийдвэрлэхээр ярилцаж байгаа нь чухал юм.

-Сэлбэ гол тойрсон асуудал үерийн дараагаас нэлээд маргаан дэгдээлээ. Гол дагасан бүтээн байгуулалт чухал гэж тодотгодог хүн бол та?

-Сүхбаатар дүүргийн хувьд тоймлоод хэлбэл, гурван асуудал маш чухал. Сэлбэ голын үерийн далан хамгаалалын асуудлыг зөвхөн дүүргийн хөрөнгө оруулалтаар  шийдэж чадахгүй. Нийслэл болсон улсын хөрөнгө оруулалтаар шийдэх хэрэгтэй.

Хоёрт, Сэлбэ гол дагасан иж бүрэн тохижилтыг хиймээр байна. Дэлхийн бусад оронд хот доторх голоо дагасан бүтээн байгуулалт өрнөж, иргэдийн аятай тухтай амьдрах, амрах боломжийг бүрдүүлсэн олон жишээ бий. Хот дундуур урсаж байгаа голын давуу байдлыг ашиглаж, иж бүрэн тохижуулах нь чухал.

Гуравт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал. Сүхбаатар дүүргийн хувьд байрлалын хувьд давуу талтай. Гэхдээ дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх шаардлага байна. Газар чөлөөлөлтийн асуудал их төвөгтэй. Байршлаасаа хамаараад газар чөлөөлөлт нөхөн олговор нь өндөр. Газар шинэчлэн зохион байгуулах буюу заавал шамбааралдсан байшин руу орох биш хашаандаа сайхан амьдрах дэд бүтцийг хэрхэн авчрах уу. Мөн ашиглалтын хугацаа дууссан  барилгуудыг хэрхэн дахин төлөвлөх үү гэдгийг нийслэлийн удирдлагуудтай шийдлийн түвшинд хэлэлцэлд хүрэх нь чухал юм.