Лу.Гантөмөр намын даргын зангарагтай дээрээ охиноо хадамд гаргачихлаа. Одоо харин тамгаа явуулж чадах болов уу?!

Тамгыг нь атгах хүсэлтэй бөөн дурын уран сайханчид бүтэн биеийн танилцуулга, сурталчилгаа эхэлж, зарим нэг нь бараг л хундага тулгахаас наахнуур байна.

Тогтолцооны өөрчлөлт авчирсан нөхдийн нэгдэл гэдгээрээ АН Монголын улстөрд жин дардаг, дарж ч яваа. Тиймээс намынх нь шинэчлэлийн асуудал хийгээд намын удирдлага хэн байх вэ гэдэг яах аргагүй олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэд харин нам дамнасан бүлэглэлийн оньсоос мултарч чадах болов уу?!

МАН-ын Бага хурлын өмнө Үндэсний бодлогын хороогоо хуралдуулахыг АН-ын залуус гэнэт шаардсан нь санамсаргүй зүйл мэдээж биш. С.Эрдэнэболд, Б.Түвшин, Ц.Баатархүү нарын нөхдийг Х.Баттулгын тойргоос ангид гэж харвал том алдаа болно. Өнгөрсөн сонгуулиар Ц.Тувааны баруун бөөрнөөс холдолгүй дагаж харайсан С.Эрдэнэболд Лу.Болдоос, Бодь группээс ашиг сонирхол холдож тоглох нь юу л бол… Тэд АН-д тэр бүр үзэгдээд байдаггүй үйл явц үзүүлж ҮБХ-гоо хуралдуулах шаардлагыг гардуулмагц хурлын тов яаралтай зарлагдаж буй нь тус нам шинэчлэгдэхээсээ нэгэнт өнгөрснийг харуулсан хэрэг явдал биз.

Шаардлагуудад Л.Гантөмөр тун дуулгавартай хандсан нь ямар нэг ёозгүй тохироо хийгдсэний шинж гэчихэд хол зөрөхгүй л байх.

Буцах бэрд үхэр, тугал нийлэх хамаагүй гэдгээр түүний янз байдлыг дүгнэвэл эртдэнэ. Тэр тэтгэвэрт гарах болоогүй тул хар хорын шуудан зөөгчөөр үлдэх биз. Түүний ард тоо бодож тооцоо нийлэн суугаа Ц.Нямдорж, Д.Дорлигжав тэргүүтэн бий нь улстөрийн олон нүүдэл, үг үйлдлээс илэрхий байгаа.

Бодь-ийн хөвгүүдийн шаардлагатай зэрэгцэн АН-ын бус Холбооны хөх тугийг илүүд үздэг Х.Баттулгын баг хөдөлж эхэлсэн нь ёоз муутай тохирооны нэг хэсэг байх. Ж.Баярмаа, Ч.Лойдойсамбуу нарын CV цахим орчинд эрчтэй сэвэгдсэн нь магадгүй 15 давхрынхны ажиллагаа ч байж мэднэ. Ч.Лойдойсамбуу, Ж.Баярмаа тэргүүтэн арай болоогүй гэх хандлага, хардлага үүсгээд ар хударгаар нь Н.Алтанхуягийг дахин гаргаж ирэх тактик барьж мэдэх нөхөд. Тэдэнд МоАХ-ын зарчим, МоАХ-ын туг чухал болохоос АН хаана байх, хэрхэн өндийх түй ч хамаагүй гэчихэд ташаарсан болохгүй. Тэд МАН-ыг гэхээсээ Ц.Нямдоржийн асар, басар гэгддэг Л.Гантөмөр, О.Цогтгэрэл хоёрын нэгийг нөгөөгөөр солихтой эвлэрч чадах бүлэглэл ч бас биш.

Санаагаар болдог бол Ц.Тувааныг шууд томилчихмоор байгаа ч нам дотроо дэмжлэггүй, хүрээлэлгүй, хүнтэй гэхээсээ малтай ойр байвал илүү зохих имиж нь амаргүй байгаа байх. Ядаж байхад намын Ерөнхий нарийн даргаар нь ажиллаж байх үедээ тамгыг нь тэвэрч гүйгээд Х.Баттулгад хүргээд өгчихсөн болчимгүй үйлдэл нь мартагдах болоогүй байдаг.

Ц.Баатархүү, ОАлтангэрэл гэх залуусын дүр дээр тоглолт хийх санаархал мөн Х.Баттулгад байх ч нам доторх дэмжлэг хэн хэнд нь байхгүй, цаашдаа ч бий болохооргүй нь үнэн тул найдахгүй биз. О.Алтангэрэл сайдаар ажилласан богино хугацааныхаа атгахан пиарт өөрөө л хөөрцөглөж яваа байх. 2020 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт нэр дэвшсэн ч сонгогдоогүй энэ эр улстөрөөр бус хууль эрхзүйгээрээ оролдвол амжилтад арай дөт байх болов уу. Түүнийг яаж ч зорж, яаж ч зүлгээд лидер болохгүй гэдгийг нөхөд нь замын эртэд хэлчихэд гэмгүй юм. Ц.Баатархүүгийн тухайд Ц.Элбэгдоржийн гараас хөтөлж улстөрд орсон ч НИТХ-д сонгогдон ажиллах хугацаандаа нүүр буруулсан явдал нь туйлбаргүй, үзэл баримтлалгүй, шаардлага гарвал дахиад хэнийг ч хэзээ ч сольж чадах эвгүй дүр гэх тодотголтой болгосон. Тиймээс түүний карьер жирэмсэн эмийн шээх, жижиг тугалын бэлчих газраас хол явахгүй биз.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын ярилцлага Үндэсний бодлогын хороог яаран хуралдуулахад хүргэсэн гэх мэдээлэл амралтын өдрүүдэд АН-ын дотоодод нэлээд яригдаж. Үндэсний бодлогын хороог хуралдуулж, АН-ын удирдлага МоАХ-ын мэдэлд шилжиж чадвал МАН-ын Бага хурлууд ч 15 давхрын зураглалд бүрэн орж ирэх тооцоо бий юм байх.

Үнэндээ Х.Баттулга энэ удаад л өндийж чадахгүй бол түүнд дараа гэх хугацаа байхгүй. Тэр биологиороо ч, бодол нөлөөллөөрөө ч хөгширч яваа эр. Тэр хүн чанарыг бус хатуу харгис пиарыг урьтал болгож ирсэн кадр. Цаст уулын цагаан барс цаг нь ирэхээр шоргоолжинд бариулахын үлгэрийг утгаар нь харуулах эрхэм бол тэр юм.

Түүнд үе тэнгийн үхэр хонь жилтэй нөхөд байхгүй. С.Баярцогт, Да.Ганболд, М.Энхсайханаас эхлээд нам нэгтнүүд нь түүний эрх мэдлийн үед хорих ангийн хоол идэж, зүдэрч явсан уу гэхээс дэмнүүлж яваагүй байх. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Хотын мээр явсан Э.Бат-Үүл, хол ойрын эвийн цавуу Д.Сосорбарам болон тэдний үнэнч мандатууд МоАХ-ынханд удирдлага алдвал хэний хүү юуны сүүл болох билээ гээд нэгдэж таарна. Тэдний уналт дүрвэлт шууд болоод шууд бусаар 15 давхрынхантай гарцаагүй холбогдоно гэчихэд төдийлөн ташаарсан болохгүй байх. Хэн, хэдий болтол эх орноосоо дүрвэж, дайжиж явахыг хүсэх билээ… Тэгэхээр Х.Баттулгын хувь тавилан хоёр дахь Н.Энхбаяр болоход тун ойр байж мэдэх л юм.

АН-д намаа хүчтэй, эвтэй байлгахад ур гаргах лидер үгүй харагдавч үнэн хэрэгтээ хамгийн сайн улстөрийн нүүдэл хийгсэд энэ намд л байдаг нь үнэн. С.Эрдэнэ ч МоАХ-ын хөх тугийн өмнө хөглөрч яавахыг хүсэхгүй биз.

Тиймээс АН-ынхан сошиалд сэвээд байгаа шиг амар хялбар, БНСУ-ын буудлуудад улстөрийн хүрээнийхнийг сорчилж дуудах МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн бодол шиг хөнгөн хийрхүү болохгүй л байх вий.

Одоогийн байдлаар бизнесийн явцуу эрх ашигт нам дамнасан бүлэглэлийнхэн АН-ын удирдлагыг МоАХ-д, МАН-ын удирдлагыг Х.Нямбаатар, Д.Амарбаясгалангийн нэгд өгөөд генсекээр Л.Оюун-Эрдэнийг томилуулах А хувилбараар ажиллаж эхэлсэн дуулдаж байгаа. Гэхдээ Д.Амарбаясгалан эл нам дамнасан бүлэглэлд бүрэн орж ирэхгүй бол Я.Содбаатарыг намын дарга болгох В хувилбарт шилжиж, намын дарга нь Ерөнхий сайдаа авах дүрмээр тоглон Г.Занданшатарыг зайлуулах акц өрнүүлнэ гэгдэж байна.

Гэхдээ эрх мэдэлд хүрэхээрээ эвлэж бус эвдэж тоглодог эл бүлэглэлд мандатаа өргөх тэнэг тэр бүр олдох нь юу л бол.

АН-ын нөгөө талаас С.Баярцогтыг нэрлэх ч харизмгүй, эргэлзээнд автсан нөхөддөө итгэл төрүүлэхүйц манлайлалгүй гэх шүүмжлэлийг нэлээд сонсч буй бололтой. Ямартай ч тус намынхан сүүлийн он жилүүдийн эвдрэлцэл, шившгийн хөндийгөөс гарч чадахгүй яваа тавилан нь намын удирдлагад шунасан МоАХ-ынхны найруулга гэх дүгнэлтэд санал нэгдэж Ц.Нямдоржийн гэгдэх асар, басруудаас ч хол байхыг хичээх нь зөв гэлцэж. Тэд учраа олбол Г.Занданшатар АН-д эвслийн Засгийн газар байгуулах санал тавих, улмаар Х.Нямбаатарыг хотыгн даргаас огцруулах акц эхлүүлэх шуум зэрэгцэн дуулдаж байна.

Үргэлжлэл бий…