Хотын дарга асан Х.Нямбаатарын хилийн чанадаас хийж буй мэдэгдэлд Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба хариу няцаалт хийхээ улс даяар тунхаглаж байгаад хийх нь үнэндээ цочир бөгөөд илүүц байгааг нийтлэлийн эхэнд хэлэх нь зөв байх. Сүүлийн үеийн удаа дараалсан тайлбар мэдээллүүдээс Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба У.Хүрэлсүхийнхээ эсрэг ажиллаж олны болоод улстөрийн бүлэг фракцийн дунд нэр хүндийг нь зориуд хаяж өгөөд буй юм биш биз гэж хардтал хариуцлагагүй, өгч байгаа мэдээллээ нягтлаагүй юу гэмээр болхи байгаа нь ичгүүртэй юм. Аль ч улсын төрийн тэргүүний хэвлэлийн албаны мэдэгдэл гэдэг бөмбөрцгийн бүх улс гүрний анхаарлыг татаж байдаг байх. Тэр утгаараа ичгүүртэй юм. Нөгөөтэйгүүр иргэн нь гадны улс оронд очиж байгаад эргээд улс орноо, төрийн тэргүүд, эрх баригчдаа гутааж элдэвлэж суудаг явдал Монголоос өөр үгүй биз. Шившигтэй…
Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба хэтэрхий жул, хууль хяналтын байгууллагууд ч дэндүү болхи удаан юм. Хойшид, дараа дараагийн эрх баригчид хэвлэлийн алба, олон нийттэй харилцах төлөөлөгчөөрөө хэт энтертайнментлаг нөхөд сонгохоосоо татгалзвал зүйтэй гэчихэд буруутахгүй биз. Бусдын анхаарлыг татах, сонирхлыг төрүүлэх, сэтгэл ханамж таашаал өгөхөд илүүтэй анхаардаг салбарын мэргэжилтнээс төрт ёсны өндөр дээд хариуцлага, мэдлэг мэдээлэл нэхэх ч хаашаа билээ. Угаасаа суурь чадвар нь тэр байх.
Товчхондоо Х.Нямбаатарын хэлж буй баримт мэдээллүүдийг эрэн сурвалжлах чиглэлийн сэтгүүлч, редакциуд эрж тодруулаад сурвалжилчих л асуудал. Гэтэл ийм цаг хугацаа өгөлгүйгээр Хэвлэлийн алба нь няцаалт нэрээр байсхийгээд гарч ирэх, тэр дундаа төрийн айлчлал дуусаагүй байхад хилийн чанадаас зарлаж байгаад тайлбар хийх зохисгүйгээс гадна Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг харлуулах ажиллагаанд санаатай болоод санамсаргүй байдлаар оролцоод байгаа юм биш биз гэх хардлагыг төрүүлж буйг яалтай.
Учир нь Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг няцаалт хийхдээ Ерөнхийлөгч хадгаламжаасаа 2022 онд Бага тэнгэр орчимд амины орон сууц захиалсан гэж мэдэгдсэн ч У.Хүрэлсүхийн Хөрөнгө орлогын мэдүүлэгт амины орон сууцтай гэх мэдээлэл байдаггүйг хянасангүй. Тэр 2020 онд Ерөнхийлөгч 1.7 орчим тэрбум төгрөгийн хадгаламжтай байсан нь 2025 онд 561 сая төгрөг болж 1.2 тэрбум төгрөг хасагдсан байгаа нь байр захиалахтай холбоотой үнийн дүнтэй таарч байна гэж хэлэхдээ Бага тэнгэр дэх хаусуудын зах зээлийн үнэ хэдтэй байгааг судалсангүй. Судалсан бол нийт өртгийн тэдэн хувийг шилжүүлсэн ч үлдэгдлийг шилжүүлж дийлэлгүй зогссон гэхчлэн амьдралд ойроор тайлбарлаж болох байсан байх.
Үнэндээ Ерөнхийлөгчийн нэр дээрх хөрөнгүүд 2021 оныхоос огт өөрчлөгдөөгүй байгааг Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно. Тэрчлэн дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж нь 2021 оноос 1,133,130,000 төгрөгөөр хасагдсан дүнтэй байгаа нь Ц.Ганзоригийн мэдээлсэн дүнгээс зөрж байгаа. Тэгэхээр тэр ийм дутуу мэдээлэлтэй, нягталж шалгаагүй асуудлуудтайгаар үсэрч гарч ирэх нь илүүц байв.
Тэрчлэн Ерөнхийлөгчийн хаусууд гэх бичлэгийг херо Б.Баатар хийсэн нь тогтоогдсон, Т.Шинэбаяр шантааж тулган шаардалт хийсэн гэх мэдэгдэл ч яг хэнд зориулагдсан мэдээлэл, мессэж байсныг ойлгох аргагүй. Ерөнхийлөгч хууль хяналтын байгууллагаар эцэслэн тогтоогдоогүй асуудлаар иргэдээ цагдан хорьж шалгуулдаг гэх ойлголт өгөх гэсэн юм уу, уг мэдэгдлийг нь олон нийт хэрхэн хүлээж авах ёстой байсан юм, бүү мэд. Үүний өмнө Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ө.Золбаяр ч “Ерөнхийлөгч ерөнхийлөгчийн засаглалтай болъё, дарангуйлал тогтооё гэж хүсээд байгаа зүйл байхгүй. Түүнийгээ чуулганы хуралдааны үеэр илэрхийлсэн” зэргээр хэн ч асуугаагүй зүйл тайлбарлаад байсныг цухас эргээд санахад илүүдэх юун.
Хилийн чанадаас хийж буй Х.Нямбаатарын мэдээлэлд У.Хүрэлсүх үеэл Б.Жавхлангаа Ерөнхийлөгч болгоод өөрөө Ерөнхий сайд, намын даргаар 2028 2032 оны сонгуулиудыг удирдан ажиллана гэж бий. Магадгүй дээрх зүг чиггүй, хэнд юу хүргэх гэсэн нь тодорхой бус мэдэгдэл тайлбарууд Х.Нямбаатарын мэдээлэл доторх энэ хэсэгтэй холбоотой байхыг хэн байг гэхэв. Шалгаад чеклэчихэд илүүдэхгүй байх. Улстөрийн бохир технологиуд ийм л байдаг.
У.Хүрэлсүхийг намын гал тогооноос дэвшүүлэн зайлуулах ажлыг бүлэг фракциуд 2019 оноос эхлүүлсэн байх. Тэр МАН-ын даргаар удаан ажилласан бол өнөөдрийн бидний мэдэх нам дамнасан бүлэглэл үүсэхгүй ч байсан биз.
Хэнтий аймгийн нөхөн сонгуульд явуулах гээд дөнгөөгүй ч дэвшсэн бол унагах, намын дарга, Ерөнхий сайдын албыг нь авах ажилллагаа бишгүй хийгдэж байсныг учир мэдэх уншигчид санаж л явдаг байх. Эцэст нь Ерөнхийлөгч болгон дэвшүүлэн зайлуулах, Үндсэн хуульд нэг удаа сонгогдох заалтыг түүний төлөө идэвхийлэн дэмжсэн бүлэглэл ч байсныг хэлэх хэрэгтэй. Гэхдээ зангараг, нөлөө, харизмыг нь арилгаж дийлэлгүй энэ хүрээд аргаа барахдаа хаан заан боллоо гэх намагт хэдэн он хэдэн сараар үргэлжлэн чирсээр байгаа бололтой. Түүний дэргэдэх, түүний итгэлт нөхдөөс урвуулах ажиллагааг ямар ч тэнэг хийх л байх.
Ямартаа ч тэр мянган хааны авир гаргалаа гээд түмэн бохир технологит Л.Оюун-Эрдэнээс дор кадр биш гэх хэлц улстөрийн хүрээнийхэн дунд гарчихаж. Үүнтэй зэрэгцээд намын даргаар У.Хүрэлсүх бууж ирэх биш Н.Учрал энэ хэвээр үлдвэл нам дамнасан бүлэглэлд, Үндэсний Эвсэл болоод ИЗНН зэрэг жижиг намд ивээлтэй юм гэх ухуулга ч эрчтэй явж байна.
Өдгөө У.Хүрэлсүх намдаа эргэн ирэх эсэх нь улстөрөөс delete-лэгдсэн Л.Оюун-Эрдэнэд төдийлөн хамаагүй мэт боловч нэгэнт эхлүүлсэн эрх ашигт нь бол нэн хамаатай байх. Тэр Х.Нямбаатараас хийж буй мэдэгдэл, байр суурьт огт хамаагүй харагдахыг хүсэвч түүнийг дэмжигч цахим хуудсууд хамгийн түрүүнд мөчлөн жиргэж эрчтэй түгээж буйг анхаарахгүй орхихын аргагүй биз. Тэрчлэн Х.Нямбаатарын Л.Оюун-Эрдэнэтэй үеэл биш гэх мэдэгдэл, Бодь группийг шалга гэх шахалт ч төдийлөн үнэмшилтэй харагдахгүй байгааг хэлэх хэрэгтэй. Тэр бүү хэл интерполоор эрэн сурвалжлуулах Авлигатай тэмцэх газрын хүсэлт одоо хэр баталгаажаагүй байгаа нь ч сонирхолтой юм. АТГ-т нөлөөлж чадах ганц хүн Н.Учралын дэргэд шадарлаж суугаа гэдэг шүү дээ.
Энэ бүгдийн зэрэгцээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн эгнээнээс хэдийнэ хасагдсан Г.Занданшатарыг дахин ноцох шаардлага Д.Амарбаясгалан нарт бий болсон нь ч сонирхолтой. Магадгүй энэ өнцгөөс сүүлийн үест болоод буй үйл явдлын учгийг хөөвөл хоосонгүй байж мэдэх л юм. Хөөхүйц сэжүүр ч байна.
Ямартай ч хэд хэдэн бүлэглэл алсуураа нэгдсэн, нэгдсэнээ нуусан, Ерөнхийлөгчийг удаа дараагийн ноцтой мэдэгдэл мэдээллүүдийн ард өөрөө тэсэрч гарч ирэхийг хүлээсэн байдал илэрхий ажиглагдаж байна. Энэ талаарх дэлгэрэнгүйг судлан жич хүргэх нь зөв тул энд түр орхиё.
Үргэлжлэл бий…
