Улаанбурхан өвчнөөс сэргийлэх зөвлөмж, зөвлөгөөг аймаг, нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн төв, өрхийн эмч нар эцэг эхчүүдэд байнга өгч буй.
Улаанбурхан өвчний тохиолдлын тоо буурахгүй байгаатай холбоотойгоор урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтад хамрагдах уриалгыг Эрүүл мэндийн яамнаас гаргаж, шат шатны байгууллага хэрэгжүүлэн ажиллаж буй юм.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний хор уршгийг таниулах зөвлөгөө мэдээллийг олон нийтэд эрчимтэй өгч ажиллаж байгаа юм.
Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана.
Энэ өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл их байдаг. Тиймээс халдварт өвчин дотроос халдварлах чадавхаараа хамгийн өндөрт ордог өвчний нэг юм. Халдварлалтын индекс нь 96-98 хувь юм. Улаанбурхнаар өвдсөн таван хүн тутмын нэг нь хүндрэх эрсдэлтэй.
Улаанбурхан өвчнийг эмчлэх өвөрмөц эмчилгээ байдаггүй бөгөөд шинж тэмдгийг бууруулах, хүндрэлээс сэргийлэх зорилготой эмчилгээнүүдийг хийдэг. Суулгах, бөөлжих үед алдсан шингэнээ нөхөж, хангалттай хэмжээний ус ууна. Уушгины хатгалгаа, чих болон нүдний үрэвсэл үүссэн үед антибиотик эмчилгээ хийнэ.
Улаанбурхны халдвар авсан хүүхэд болон насанд хүрэгчдэд 24 цагийн зайтай А витамины тунг хоёр удаа уулгана. Ингэснээр нүдний гэмтэл, сохролт үүсэхээс урьдчилан сэргийлдэг.
Тиймээс товлолын вакциныг заавал хийлгэх, хоцорсон юм уу эсвэл огт хийлгээгүй бол нөхөн хийлгэх хэрэгтэй юм. Вакцин хийлгэх насанд хүрээгүй хүүхдийг олон нийтийн газарт авч явахгүй байх. Уг өвчний шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчлэхгүйгээр, мэргэжлийн эмчид яаралтай хандахыг дахин зөвлөж байна.
