ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны тандалт, мониторингийн тасгийн эрхлэгч В.Байгальтай цөөн хором ярилцаж, Улаанбурхан өвчний дархлаажуулалтын талаар тодрууллаа.
Улаанбурхан өвчний эсрэг вакцин нь сайн дурынх биш бөгөөд улсын хэмжээнд батлагдсан товлолт дархлаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд заавал хийлгэх ёстой вакцин юм. Энэ нь зөвхөн тухайн хүүхдийг өвчлөлөөс хамгаалаад зогсохгүй, нийт хүн амын дунд халдварын тархалтыг хязгаарлах, дэгдэлтийг зогсоох чухал ач холбогдолтой. Түүнчлэн халдварын голомтод ойр байсан буюу хавьтал болсон хүмүүс голомтын вакцинд заавал хамрагдах шаардлагатай. Учир нь энэ төрлийн вакцин нь халдвар цааш тархахаас сэргийлэх үр дүнтэй арга юм. Тиймээс иргэн бүр улаанбурхан өвчнөөс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахын тулд шинжлэх ухаанд суурилсан мэдээлэлд итгэж, вакциндаа цаг алдалгүй хамрагдах нь чухал юм.
