2015–2016 онд Монгол Улсад улаанбурхан өвчний томоохон дэгдэлт гарч нийт 53,737 тохиолдол бүртгэгдэж, 132 хүн нас барсан. Нас баралтын 90.7 хувь нь 0–1 насны хүүхдүүд байсан нь хамгийн эрсдэлтэй бүлгээ хамгаалах шаардлагатайг харуулж байгаа юм. Тухайн үед Засгийн газрын хариу арга хэмжээний хүрээнд 6 сартайгаас 5 настай хүүхдийн 95 хувь, 18–30 насны иргэдийн 88 хувийг нэмэлт дархлаажуулалтад хамруулж, дэгдэлтийг амжилттай зогсоож байсан туршлагатай.

Иймд эргэлзэх шаардлагагүйгээр вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагаас уриалж байна.

Монгол Улсын Засгийн газар болон УОК аливаа халдварт өвчнөөс ард иргэдээ урьдчилан сэргийлэх, хамгаалахын тулд дархлаажуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлж, урьдчилан сэргийлэх, тандан судлах үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллах болно.

Вакцин бол айдас биш. Аюулаас сэргийлэх, ар гэр, үр хүүхдээ хамгаалах хамгийн найдвартай арга юм.