Улаанбурхан өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл их байдаг. Тиймээс халдварт өвчин дотроос халдварлах чадавхаараа хамгийн өндөрт ордог өвчний нэг юм. Халдварлалтын индекс нь 96-98 хувь юм. Улаанбурхнаар өвдсөн таван хүн тутмын нэг нь хүндрэх эрсдэлтэй байдаг тухай хүүхдийн эмч нар тодотгодог.

-Шинж тэмдгээ анзаарахгүй, тоохгүй байвал ямар хүндрэл үүсэж болох вэ?

-Сохролт, энцефалит буюу тархины үрэвсэл, хүнд зэргийн суулгалт, усгүйжилт, чихний үрэвсэл, уушгины хатгалгаа зэрэг амьсгалын замын хүндрэлүүд үүсдэг. Тиймээс яаралтай мэргэжлийн эмчид хандах нь чухал юм.

Тухайлбал жирэмсэн эмэгтэй халдвар авах үед хүндрэл үүсэж, хүүхэд дутуу төрөх эрсдэлтэй болдог. Таваас доош насны хүүхэд, 30-аас дээш насны хүмүүст хүндрэл хамгийн үүсэх эрсдэлтэй байдаг. Мөн хүнс тэжээлээр хангалттай хэмжээний А витамин авч чаддаггүй, шим тэжээлийн дутагдалтай, дархлаа дарангуйлагдсан хүмүүс эрсдэлт бүлэгт хамрагддаг.

-Улаанбурхан өвчний үе шат гэж бий юу. Гэрийн нөхцөлд эмчлэх арга байдаг уу?

-Улаанбурхан өвчин эмнэлзүйн хувьд хөнгөн, дунд, хүнд гэсэн гурван хэлбэрээр явагддаг. Өвчин хөнгөн үед гэрийн нөхцөлд эмчилж болно. Хүндрэл өгсөн бол эмнэлэгт л эмчлэгдэнэ. Мөн өвчилсөн хүүхэд суурь архаг өвчинтэй бол эмнэлэгт хэвтэнэ.

-Улаанбурхан өвчнөөр өвчилсөн бол хамгийн түрүүнд хаана хандах вэ?

-Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн түрүүнд хандах хэрэгтэй. Уг төвүүд нь улаанбурхан өвчнийг бусад өвчнөөс ялгах сорьц шинжилгээ авч байгаа.

-Энэ өвчнөөр өвчлөхгүй байхын тулд яах ёстой вэ? Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Бүх нийтийг хамарсан вакцин бол улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга юм. Вакцин нь аюулгүй, үр дүнтэй бөгөөд өртөг багатай. Манай улсад хүүхдүүдэд улаан бурхан, гахай хавдар, улаануудын эсрэг нийлмэл вакциныг 9 сартайд болон 2 настайд 2 тунгаар хийдэг. Вакцины 2 тунг хийлгэх нь өвчнөөс 97 хувь сэргийлэх бөгөөд нэг тун хийлгэх нь 93 хувь сэргийлдэг.

Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурхны эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлэхийг зөвлөж байна.  Ялангуяа уг өвчлөл нь улаан бурхан өвчний эсрэг вакцин хийлгээгүй хүүхдүүдийн дунд илүү их бүртгэгдэж байна.

Тиймээс товлолын вакциныг заавал хийлгэх, хоцорсон юм уу эсвэл огт хийлгээгүй бол нөхөн хийлгэх хэрэгтэй юм. Вакцин хийлгэх насанд хүрээгүй хүүхдийг олон нийтийн газарт авч явахгүй байх. Уг өвчний шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчлэхгүйгээр, мэргэжлийн эмчид яаралтай хандахыг дахин зөвлөж байна.