УИХ-ын даргын ивээл дор Шатар сонирхогчдын 2026 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах талаар УИХ-ын Тамгын газар, Монголын Шатрын холбооноос хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэв.
УИХ-ын Тамгын газрын Менежментийн газрын дарга Т.Нармандах, “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээнийг уламжлал ёсоор гурван үе шаттай явуулах тул идэвхтэй оролцож, оюун ухаанаа уралдуулахыг нийт шатар сонирхогчдодоо уриалж байна. Энэ удаагийн тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчны чансаа 1800 хүртэл), шатрын спортын улсын цолгүй, 25 нас хүрсэн шатар сонирхогч оролцох боломжтой. Эхний шатны тэмцээнийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба хамтран 2025.12.06, 07-ны өдөр орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж, сум, дүүргийн аваргуудыг шалгаруулна. Уг тэмцээнээс сум бүр эрэгтэй 2, эмэгтэй 1, дүүрэг бүр эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчин шалгарч, хагас шигшээ шатны тэмцээнд оролцох болно гэсэн юм.
Харин хоёр дахь шат буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнийг 2025.12.20, 21-ний өдрүүдэд зохион байгуулж, аймаг бүрээс эрэгтэй 2, эмэгтэй 1, нийслэлээс эрэгтэй 12, эмэгтэй 6 шатарчинг шалгаруулна. Тэдгээр тамирчид Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцоно хэмээн Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэгт онцоллоо.
Шигшээ тэмцээнийг УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран 2026.01.10, 11-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулж, улсын аваргуудыг тодруулна. Улсын хэмжээнд зохион байгуулдаг энэхүү тэмцээнд давхардсан тоогоор 6000 гаруй шатар сонирхогч оролцдог. Бүх шатны тэмцээн Олон Улсын шатрын холбооны болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулж, үндэсний рейтинг бодон, чансаа тооцох бөгөөд тэргүүлсэн тамирчдад шатрын спортын “Дэд мастер” цол олгодог онцлогтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
