Боловсролын дэд сайд Д.Гантулга Баянзүрх дүүргийн 22 дугаар цэцэрлэг, 48 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, багш, ажилтнуудтай уулзан тулгамдаж буй асуудлууд болон салбарын бодлогын хэрэгжилтийн талаар санал солилцов.
Уулзалтаар сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, багш нарт тулгарч буй хүндрэл, багшийн гарын авлагыг сургалтын үйл ажиллагаанд ашиглахад хэр нийцэж буй талаар ярилцлаа.
Дэд сайд Д.Гантулга боловсролын салбарын төсвийн өнөөгийн нөхцөл байдал, багш, ажилтнуудын цалин хөлс, тэтгэмж, урамшууллын асуудлыг 12 сарын хугацаанд багтаан шийдвэрлэхээр ажиллаж буйг онцлон тэмдэглэв. Тэрбээр мөн 2026.01.01-ний өдрөөс багш, ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэх бодлогын хүрээнд багшийн үндсэн цалинг бодитой өсгөх, нэмэгдэл хөлс, урамшууллын зохистой тэнцвэрийг хангах шаардлагатай талаар мэдээлэл өглөө.
Багш, ажилтнуудын зүгээс боловсролын байгууллагад ажиллаж буй төрийн үйлчилгээний цалинждаг үйлчилгээний ажилтнуудын цалинг орхигдуулахгүй байх, багшийн ажлын ачааллыг бууруулж, суралцагчдад илүү цаг зарцуулах нөхцөлийг бүрдүүлэх, 35-аас дээш хүүхэдтэй багшид нэмэгдэл хөлс олгох асуудлыг хөндөн тавив. Түүнчлэн дижитал, цахим шилжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэх замаар сургалтын чанарыг сайжруулах, цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүний хүрэлцээг нэмэгдүүлэх талаар санал, хүсэлтээ илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь салбарын бодлого, шийдвэрийг багш, ажилтнуудын бодит нөхцөл байдалтай уялдуулах, тэдний санал, дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой боллоо.