Боловсролын сайд П.Наранбаяр Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Микко Киннуненийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдааныг 2026 оны 2 дугаар улиралд зохион байгуулж боловсрол, байгаль орчин, ойн аж ахуй, худалдаа, эдийн засаг, инновац зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэв. Цаашид хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээ талууд харилцан илэрхийллээ.
Дээд боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монгол, Финландын их сургууль хоорондын танилцах, хамтран ажиллах цахим арга хэмжээ анх удаагаа амжилттай зохион байгуулагдсан. Цахим арга хэмжээнд Монголын талаас МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, Финландын талаас Оулу их сургууль, Аалто их сургууль, Зүүн Финландын их сургууль, Хелсинки их сургууль нар тус тус оролцсон тухай онцлов.
Боловсролын яам, “Eduten” дижитал боловсролын компани хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Финланд Улсын Турку их сургуулийн “Eduten” цахим платформыг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн сургалтын хөтөлбөрт нэвтрүүлсэн. Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 1-6 дугаар ангид мөн 7-9 дүгээр ангид сонголтоор математикийн хичээлийг судалж, хэрэгжүүлж байна. Монгол Улсын суралцагчид 96%-ын гүйцэтгэлтэй ашиглаж байгаа болохыг Боловсролын сайд П.Наранбаяр онцоллоо.
