Монгол Улсад япон хэлний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойг тохиолдуулан “Монголын хөгжил, Монгол-Японы харилцаанд МУИС-ийн төгсөгчдийн оруулсан хувь нэмэр” сэдэвт хүндэтгэлийн хурал боллоо.
Хагас зуун жилийн хугацаанд МУИС нийт 991 бакалавр, 113 магистр, 13 доктор бэлтгэн төгсгөж, Монгол Улсад япон хэлтэй үндэсний боловсон хүчин бүрдүүлэх тогтолцоог бий болгожээ. Мөн МУИС-ийн багш нар хоёрдогч хэлний сургалтаар 9000 гаруй оюутанд япон хэл заасан байна.
Хуралд УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, Япон Улсын Хэргийг түр хамаарагч Кондо Казүмаса, МУИС-ийн ректор Б.Очирхуяг болон Япон сан, Монголын япон хэлний багш нарын холбооны төлөөллүүд мэндчилгээ дэвшүүлж, япон хэлний боловсролын салбарын хөгжлийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Эрдэмтэн, судлаачид Монгол-Японы харилцаа, япон хэлний боловсрол, орчуулга, дипломат ба бизнесийн салбар дахь хэлний хэрэглээний талаар илтгэл тавьж, ахмад багш нарын дурсамж, JICA болон олон улсын байгууллагад ажилласан мэргэжилтнүүдийн туршлага, Японы бизнесийн соёлын талаарх мэдээлэл бүхий олон талын сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.
Арга хэмжээний үеэр япон хэлний боловсролын 50 жилийн түүхийг харуулсан зургийн үзэсгэлэн гарч, үе үеийн төгсөгчид багш нартайгаа уулзан дурсамжаа хуваалцаж, МУИС-ийн япон судлалын салбар нь Монголын япон хэлний боловсролыг хөгжүүлэх үндсэн төв болж төлөвшсөнийг онцоллоо.
