Боловсролын сайд П.Наранбаяр Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, WASH Action ТББ болон НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран зохион байгуулж буй “Сургууль, цэцэрлэгийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үндэсний чуулган–2025”-ны нээлтэд оролцов.
“Ариун цэврийн шаардлага хангасан усаар хүн амыг тэгш хүртээмжтэй хангах нь тухайн улсын хөгжлийн нэг чухал үзүүлэлт. Асуудлуудаа шат дараатайгаар шийдвэрлэх нь итгэлцлийг бий болгодог. Эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангагдах нь эцэг эх, хүүхэд болон багшийн итгэлцлийг бий болгоно. Итгэлцэл бол хамгийн үнэ цэнтэй нийгмийн баялаг юм” хэмээн П.Наранбаяр сайд хэлэв.
Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд хүртээмжтэй, хувийн орон зайг хангасан, цэвэрхэн ариун цэврийн байгууламжаар хангагдсанаар эрүүл ахуйн мэдлэг, зөв дадалтай болж, уг дадал, хэвшил нь тэдний насан туршид нь хадгалагддаг тул цэцэрлэг, сургуулийн ус ариун цэвэр эрүүл ахуйн байгууламж онцгой ач холбогдолтой юм.
Хүртээмжтэй, чанартай ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ нь хүрээлэн буй орчныг бохирдохоос хамгаалдаг. Мөн хүүхдүүдийн эрүүл энх өсөх, сурлагын амжилт гаргах, сургууль завсардалтыг бууруулахад мөн нөлөөлдөг.
Сургууль болон цэцэрлэгийн орчин дахь ус, ариун цэвэр, эрүүл ахуйн одоогийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, түүнийг хэрхэн сайжруулах, цаашдын тогтвортой үйл ажиллагааг хангахад төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой тус чуулга уулзалтад 21 аймаг, 9 дүүргийн Боловсролын газар, сургууль, цэцэрлэгийн төлөөлөл, яамд, агентлаг, төрийн бус байгууллага, хувийн хэвшил болон олон улсын байгууллагууд оролцож байна.
Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийг дөрвөн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж, 2021 оноос ажлууд хийгдэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 294 сумын 218 цэцэрлэг, 332 сургууль, 245 дотуур байранд 795 ариун цэврийн байгууламж баригдан хүүхдүүд тав тухтай орчинд ус ариун цэвэр эрүүл ахуйн хэрэгцээгээ хангаж байна.
