Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Багийн бага сургууль” санаачилгыг энэ онд эхлүүлсэн билээ. Уг санаачилгыг ХААН банк, Номин Холдинг групп дэмжиж, хөрөнгө оруулалт хийснээр Төв, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн багуудад бага сургууль байгуулах ажил явагдаж байна.
Өнөөдөр багийн бага сургуулиудад ажиллах багш нарыг чадавхжуулах сургалт эхэлж байна. Сургалтад “Багийн бага сургууль” санаачилгад нэгдээд буй аймаг, сургуулийн багш нар болон Боловсролын Хүрээлэн, Боловсролын ерөнхий газар, МУБИС-ийн сургагч багш, судлаачид оролцож, холимог бүлгийн сургалтын онол арга зүй болон цахим сургалтын арга барилд суралцаж байна.
Сургалтын нээлтэд Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлого, зохицуулалтын газрын дарга М.Цогзолмаа, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, ХААН Банкны Тогтвортой хөгжлийн газрын захирал М.Мандахмягмар нар оролцлоо.
