Г.Занданшатарын тоолуур гацаж Н.Учрал замаа хөөж мэдэх ХАВАР.
Намрын чуулганы хаалт, шинэ оны мэндчилгээндээ давтан хэлсэн ЧӨЛӨӨЛЬЕ гэх санал санаачилга үг нь Г.Занданшатарт хаяглагдсан эзэн биетэй ч юм бил үү, хэн мэдлээ.
Тэрбээр ЧӨЛӨӨЛӨХ бодлого бол Үндсэн хуульд заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг баталгаатай хангахын төлөөх эрх зүйн эрүүл орчныг бүтээх багц төлөвлөгөө гэдгийг онцлон тодотгосон.
Түүний мэндчилгээ, мэдэгдэлтэй зэрэгцэн ээлжит бус чуулган зарлах талаар албан бусаар гишүүдэд мэдэгдсэн гэх мэдээлэл өчигдрөөс тархаад эхэлж. Ээлжит бус чуулганыг гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан зарлана гэлцэх ч Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах, дараагийн томилгоог хийх хар зураг зурагдан, үүний төлөөх оргилуун дарсыг он солигдохтой зэрэгцэн буудуулчихсан гэгдэж байна.
Оны өмнө Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах акц АН-аас эхлүүлнэ гэж байсан ч намын дүрмээ батлуулж чадаагүй О.Цогтгэрэлд итгэх ардчилагчид олдоогүй байх. Тэгэхээр тэтгэвэрээ чамласан ахмадууд, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэмэгдэлд сөхөрсөн ажилгүйчүүдийн мини жагсаал ордны гадна аялуулж, ордны дотоодод түүнийг дэмжсэн хөнгөхөөн акц өрнүүлсэн болоод урьдчилан бэлдсэн хар зургаа биежүүлэх биз.
Гэхдээ шинэ танхимын тэргүүнээр Н.Учрал бус Ж.Энхбаяр яригдаж буйг хэлэх хэрэгтэй. Э.Энхбаярын гэх хэвлэлүүд Г.Занданшатарыг хэсэгтээ гөвж байгаад чимээ аядсан нь санаандгүй хэрэг биш л байх.
Ганц бүсийн сонгогчдын санал авч чадаагүй нөхөр У.Хүрэлсүхийн дэмжлэгээр хэтэрхий хол явлаа хэмээн бухимддаг нам болоод нам бусчуудын дургүйцлийг үгүйсгэх ч аргагүй. Ерөнхийлөгч тэгтлээ дэмжиж байхад Г.Занданшатар ингэтэл муу ажиллавал дэндүү хайран. Энэ байдлаараа удаан явбал Төрийн тэргүүний арай ядан дэнжигнэж буй нэр хүндийг шалаар нэг болгох нь үнэн юм. Төрийн тэргүүний ойр тойрныхон ухамсрын шанаа авчихгүйн тулд У.Хүрэлсүх гэх хүний нэр хүнд тэнгэрт, нөлөө зангараг нь хилийн дээс даван хүчирхэгжиж байна хэмээн худал туудаг биз. Үнэндээ У.Хүрэлсүхийн хувь улстөрчийнх нь нэр хүнд үлээхэд хийсэхүйц хэврэг байгааг хэлэх хэрэгтэй. Пиарын багахан баг инээж байгаад хийсгэчихнэ гээд мөрийцсөн ч алдахгүй юм. Тэр шинэ онд шинэчлэгдэн өөрчлөгдөхгүй бол шилдэг улстөрчдөөр Төрийн гурван өндөрлөгийг нэрлэж байна гэх худал постерт итгэдгээ болихгүй бол багаар ажиллаж чаддаггүй, би-гээр өвчилсөн мөөгөн хүрээтэй мөр ч үлдэхгүй урсчихвий… Үнэн нь л тэр!
Ж.Энхбаярын хувьд Засаг тэргүүлэх хүсэл нь тэтгэвэртээ гарахаас өмнө мөрөөдлөө гүйцэлдүүлэх жижигхэн амбиц биз. Түүнд холын улстөр гэж байгаагүйтэйгээ ижил одоо ч байхгүй гэчихэд хатуудахгүй. Тэр Хүнс хөдөө аж ахуйн яамыг өөрийн зочид буудалдаа дөхүүлж нүүлгэсэн хоруу чанартай хөлдүү шийдвэрээсээ давж тоглоно гэдэг юу л бол…
Зарим эх сурвалжийн зүгээс Ж.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд горилуулахгүйн тулд хийж буй хувилбар хэмээн тайлбарлаж буй ч МАН түүнийг Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшүүлэн түлхтлээ боловсон хүчний дутагдалд орчихоогүй байх.
Ямартай ч Ж.Энхбаярын амбицыг дарж кабинет байгууллаа гэхэд түүний нөхөд танхимыг бүрдүүлнэ гэдэг юу л бол. Харин Н.Учралын зүгээс АН-ыг дахин Засагт урьж таарна.
Г.Занданшатарт муриулсан АН-ынхан, завсрын Засгийн газарт ажиллахгүй хэмээн доёолж ирсэн Н.Номтойбаярын эвсэл, ХҮН-ынхан нэг нэг суудал сандайлаад “Их Эвсэл” хэмээн өөрсдийгөө өргөмжилж, яамдаа цөөлөөд ажиллах хөнгөн шуум өчигдрөөс дуулдаад эхэлсэн. Яамдын тоог 9 болгон хэмнэж, Г.Занданшатарын кабинетаас хулгана ч үлдээхгүй юм байх. Ингэхдээ Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй сайдуудыг Байнгын хорооны дарга болгох замаар сэлгээ хийн шинэ баг бүрдүүлнэ гэлцэж байна.
Эл хөдөлгөөнтэй зэрэгцэн намуудын батламжлагдаагүй дарга нар, бүртгэгдээгүй дүрмүүд сайн нүүдэлт улстөрчийн гараар хэрхэн нааш, цааш өөрчлөгдөхийг хэлэх аргагүй. Ямартай ч олигтойхон нүүдэг, ойрын бус холыг тооцдог улстөрч, улстөрийн бүлэглүүдэд таатай л хөрс…
АН-ын дүрмийг энэ сарын 12-нд хэлэлцэх Дээд шүүхийн тов гарсан бөгөөд шинэчлэлийг баталбал АН дотор нэлээд юм бужигнаж, нэг дуу тэнгэрт нөгөө дуу газарт хадан нүдэлдэх биз. Хажуугаар нь МАН оролцож, хавирга сүвэргээс нь 15 давхрынхан хатгаад сүртэй л хавар болно байх.
