Баянгол дүүргийн Засаг Даргын тамгын газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын Ж.Ганбаатарын Ажлын албатай хамтран 9 дүгээр сарын 29-өөс 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд “АХМАДАА ХҮНДЭЛЬЕ” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын Ж.Ганбаатар, БГД-ийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтсийн дарга нар мөн НИТХ-ын төлөөлөгч Ө.Сумъяабаатар, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхбаатар болон дүүргийн 34 хорооны 10.000 гаруй ахмадын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.
Арга хэмжээний эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын Ж.Ганбаатар дүүргээс сонгогдсон гишүүний хувиар салбартаа хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон БГД-т хийгдсэн онцлох бүтээн байгуулалтын ажлыг танилцууллаа.
Мөн БГД-ийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлж, БГД-ийн ЗДТГ-аас 2023 онд ахмадууддаа зориулж хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан. Тухайлбал, БГД-ийн ЗДТГ-аас 2023 онд ахмад настны эрүүл мэндийг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, ур чадвар, сонирхлоо тасралтгүй хөгжүүлэн идэвхтэй амьдрах, насан туршдаа суралцах нөхцөл боломжийг дээшлүүлэх чиглэлээр дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, төрийн болон Олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай тогтмол хамтран олон ажил санаачилж хийсэн юм.
Давхардсан тоогоор 38,500 гаруй ахмадад халамжийн дэмжлэг олгожээ
Баянгол дүүргийн 1-34 хороонд тэтгэврийн насны 27 мянга гаруй ахмад настан оршин суудаг. Тэгвэл 2023 онд дүүргийн хэмжээнд давхардсан тоогоор 38,500 гаруй ахмад настанд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн бөгөөд ингэхдээ 34 хорооны Ахмадын зөвлөл, Ахмадын холбоотой хамтран 74 ахмадыг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамруулсан байна. Үүнд:
- Хүүхэд хамгаалагч үйлчилгээнд 20 ахмад настан
- 39 ахмад настанд өрхийн аж ахуй, үйлдвэрлэл эрхлэхэд зориулж санхүүгийн дэмжлэг олгосон бол 15 ахмад настанд Мэргэжилтний зөвлөх үйлчилгээг 15 үзүүлсэн байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолын дагуу 65 болон түүнээс дээш настай 12,645 ахмад настанд 1,024,740,000 төгрөгийн насны хишиг тэтгэмж олгожээ.
Ахмадуудын эрүүл наслалт амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаарч байна
БГД-ийн Ахмадын хорооноос Геронтологийн үндэсний төв, дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран “Ахмадуудын эрүүл наслалт амьдралын чанарыг дээшлүүлье” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл энэ онд дээрх арга хэмжээний хүрээнд зорилтот бүлгийн 150 ахмадыг нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээнд хамруулж, шаардлагатай асаргаа сувилгаа, эрүүл мэндийн дэмжлэг, нөхөн сэргээх эмчилгээнд хамруулсан байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол Хүн” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй эрт илрүүлэг оношилгоод ахмадууд идэвхтэй хамрагдсан бөгөөд цаашид ахмад настнуудынхаа төлөө, тэдний амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө тууштай, алсын хараатай бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллана гэдгийг дүүргийн удирдлагууд онцоллоо.