Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг”-аар өнөөдөр тус намын гишүүн Э.Бат-Үүл дараах асуудлыг хөндсөн юм.
Тэрбээр “УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг ирэх онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихтэй холбогдсон шийдвэрийг дунд шатны шүүх гаргасан. Энэ бол шүүх засаглалын нэр хүндэд маш ноцтой халдсан үйл ажиллагаа юм.
Шүүх засаглалын тухайд, Ардчилсан намын нэр дэвшигч рүү хуулиар далайлган хоёр дахь удаагаа халдаж буй явдал юм. Өмнө нь 2000 онд УИХ-ын сонгууль яг ид явагдаж байх үед нэр дэвшигч С.Баярцогт, Ганболд нарыг шүүхийн шийдвэрээр барьж яваад, хорьчихсон. Энэ чинь Сонгууль болон Намын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон.
Дараа нь энэ хууль бус ажиллагаа нь шүүхийн түвшинд хийсэн хуйвалдаан байсан нь илэрсэн. Тухайн үед Ардчилсан нам энэ асуудлыг зууж, хойноос нь тууштай яваагүйн хар гайгаар өнөөдөр Н.Алтанхуяг дээр ийм үйл явдал дахиад давтагдаж байна. Тэгэхээр манай намын парламент дахь бүлэг энэ асуудал дээр ажлын хэсэг байгуулж, ажиллах хэрэгтэй. Энэ асуудлыг яагаад ч зүгээр өнгөрөөж болохгүй. Хэрвээ энэ байдал даамжирвал Ардчилсан нам шат, шатны сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлж чадахгүй байдалд орно. Цаашид дуртайг нь барьж авч шүүхийн шийдвэрээр хорих нь байна” гэлээ.
