Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.03.18/ хуралдаан 12.07 цагт О.Алтангэрэл, Ж.Батжаргал, А.Ганбаатар, Ц.Идэрбат, Н.Учрал, Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Г.Уянгахишиг, Д.Энхтуяа, Б.Батбаатар, С.Бямбацогт, С.Зулпхар, Ц.Сандаг-Очир, Б.Хэрлэн нарын 17 гишүүн ирснээр 53.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт байлаа. Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулав.

Үндсэн хуулийн цэц 2025.12.26-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн.

Энэхүү хуралдаанаар тус хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Гишүүд Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д албан ёсоор тавьсан бол УИХ уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.” гэж заасны “… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн …” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “… УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. …” гэж заасанд нийцээгүй; түүнчлэн тус хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсан бол УИХ уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.” гэж заасны “… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш …” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор … шийдвэрлэнэ.” гэж заасанд нийцээгүй гэж шийдвэрлэж, эдгээр зохицуулалтыг 2025.12.26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэх тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг гаргасан байна.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Тус дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулсан юм.

Үндсэн хуулийн цэц 2026.01.23-ны өдөр дунд суудлын хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ.

Энэхүү хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэнд нийцээгүй гэж шийдвэрлэж, уг зохицуулалтыг 2026.01.23-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэх тухай Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт гаргасан байна.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа асуулт асууж, тайлбар авсан бөгөөд эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн өдрийн хуралдаанаар УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явуулав.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан нарын гурван гишүүний 2025.12.31-ний өдөр өргөн мэдүүлсэн Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, гишүүн Д.Үүрийнтуяа нарын хоёр гишүүний мөн өдөр өргөн мэдүүлсэн Санхүүгийн хоршооны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Ерөнхийлөгчөөс 2026.03.09-ний өдөр өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.