Хоёр сайдын асуудлаасаа урьтаж түлш, шатахууныхаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхгүй бол Монгол Улс тэг зогсолт хийж, УИХ-ын чуулганы хуралдаанаас илүүтэй уул уурхай, зам, гүүр, барилга байгууламж, хаврын тариалалт зогсох нь Г.Занданшатар сайд аа.

Ойрх Дорнодод өрнөж буй дайнтай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдэж, Монголд шатахууны үнэ өсөхөөс өөр гарцгүй болсон гэчихээд улстөрийн тоглолтоосоо ч өндийж чадахгүй, салбарынхаа нөхцөл байдлыг ч кабинетийнхандаа ойлгуулж дөнгөхгүй, шийдвэрлэх бодлого шийдлээ танилцуулахгүй байгаа Г.Дамдинням сайдтай хариуцлага тооц.

Хаврын тариалалт эхэлж дизель түлшний хэрэгцээ нэмэгдэхийн зэрэгцээ урин дулаан болж барилга байгууламж, зам гүүрний ажил өрнөхөд бэлэн болоод байна. Гэтэл шатахуун, дизель түлшний хомсдолд орж, бүтээн байгуулалт, тариалалт чөдөрлөгдөх дээрээ тулчихаад байхад Г.Дамдиннямд шийдэл байна уу.

АНУ болон Израил Иранд цохилт өгснөөс хойш бензиний үнэ ойролцоогоор 84 центээр нэмэгдэж, 3.83 ам.долларт хүрчихлээ. Энэ нь  АНУ-д бензиний дундаж үнэ нэг галлон нь 3.75 ам.доллараас давж, 2023 оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн анхны тохиолдол болохыг эдийн засагчид хэлж байна.

Улмаар Австралийн хөдөө орон нутагт шатахууны хомсдол үүсэж эхэлсэн бол Шри Ланка улс байгаа түлш шатахууны нөөцөө хэмнэх зорилгоор ажлын дөрвөн өдөртэй болох байдлаар нөөц боломжиндоо тааруулан шийдлээ эрэлхийлж байна. БНХАУ-ын зүгээс нефть импортлохгүй байх шийдвэр гаргачихлаа._

Ганц ОХУ-аас 100 хувь авахаас аргагүй нөхцөл байдалтай нүүр тулчихлаа. Хоёр, гуравдагч худалдан авагч бий гэх байдлаар асуудалд хандаж байсан Г.Дамдинням сайд, Г.Занданшатарын Засгийн газар үүнд хариулт өгөх учиртай бус уу.

Ойрх Дорнодод үүсээд буй дайнтай холбоотойгоор дэлхийн нефть бүтээгдэхүүний зах зээлд өөрчлөлт гарч, тэрхүү өөрчлөлт манай хилийн үнэд шууд нөлөөлөхөөр болчихоод байхад тулга тойрсон улстөрийн хэрүүлээ хийж, албан тушаалын наймаалцлаа урьтал болгож, улс орон, ард иргэдийнхээ амьдралыг анзаарах сөхөө алга.

Өнгөрсөн жил шатахууны хомсдолд орж, колонкийн үүдэнд хоноглох шахан дугаарлаж байхад Г.Дамдинням “Бүх зүйл хэвийн” мэтээр Төрийн ордонд мэдээлэл өгч, иргэдээрээ тохуурхаж, саваа бэлдчихвэл сааль нь бэлэн гэх байдлаар ойлгуулж  нөөцийн сав барихад төсөв батлуулж дөнгөсөн.

Энэ удаад ид ажлын үеэр АИ-92 шатахуунд санаа зоволтгүй гэх байдлаар дахин даажигнаж байна.  Хаврын цагт энгийн шатахуунаас илүүтэй дизель түлшний хэрэгцээ эрс нэмэгддэггийг мэддэггүй ийм сайдтай байх нь эмгэнэл бус уу.

Сайдын суудал, улстөрийн бойкот гэх ший үзэж байх зуур хөргөгчин дэх хүнс, аяган дахь хоолоо худалдаж авч чадахааргүй нөхцөл байдалтай нүүр тулж мэдэх нь, монголчууд аа. Улстөржилтөө хойш тавьж, дэлхий нийтийн нөхцөл байдал руу чихээ дэлдийлгэж, нүд салгалгүй ажиж нөхцөл байдлаа дүгнэхгүй бол улсаараа модоо барих нь, Ерөнхийлөгч өө.