Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Боловсролын хэлтэстэй хамтран Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрийг тохиолдуулан хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд ИТХ-ын дарга Б.Энхболд, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа,  Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ууганбаяр, Биеийн тамир, спорт хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ болон боловсролын салбарын удирдлага, багш, ажилтнууд оролцов.
Засаг дарга Х.Болормаа багш нартаа баяр хүргэж чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ хийж хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт түүн дотроо боловсролын салбарын ажлаа онцлон танилцууллаа.
Тухайлбал, 2017 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд улс, нийслэл, орон нутаг бусад эх үүсвэрийн санхүүжилтээр 18 цэцэрлэг, сургуулийн шинэ барилга, өргөтгөлийг барьсан байна. Зөвхөн сүүлийн хоёр жилийн хугацаанд цэцэрлэгүүддээ зөөлөн эдлэл, гал тогооны төхөөрөмж, сургуулиудад спорт болон урлаг заалны засвар, гадна дотор тохижилт, дээвэр, фасадыг шинэчлэх, шугам хоолойг солих зэрэг багш, хүүхдүүдийнхээ ая тухтай сурч, хөгжих боломжийг бүрдүүлэхэд 8 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Мөн энэ үеэр сургууль, багш нарын дунд зохион байгуулсан мэргэжлийн ур чадварын болон спортын уралдаан наадмуудын шилдгүүдэд шагналыг гардуулав.
Бас нэгэн сэтгэл догдлуулсан мөч нь Засаг даргын 2020-2024 оны “Хөгжилд хөтлөх Сүхбаатар дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ”Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2 багшийн орон байрны нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлсэн нь байлаа.