Прокурорын байгууллага 2026.03.30-ны өдрөөс 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,891 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1,436 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 871 хэрэг шинээр нээж, 395 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 179, Өмчлөх эрхийн эсрэг 107, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 58, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 8, Авлигын эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 7, Хүний амьд явах эрхийн эсрэг, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр 5, Эдийн засгийн болон Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг хэрэг тус бүр 3, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
“Э…” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ө, ерөнхий нягтлан бодогч Г.О нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022.11.16-ны өдрөөс 2023.05.05-ны өдрийг хүртэлх хугацаанд хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, санхүүгийн анхан шатны баримтгүйгээр компаний данснаас 4 тэрбум 776 сая төгрөгийг гарган авч их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөнгө угаах), Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-Б.Ц, А.Б нар нь татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа “Д…” ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалтыг хийхдээ албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаас 2025.09.30-ны өдөр 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), Эрүүгийн хуулийн 22.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Үндэслэлгүйгээр хөрөнгөжих), Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөнгө угаах)-т зааснаар, хахууль өгөгч Г.Н-д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
