УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр 10.00 цагаас хуралдаж Дэд хороонд 2026 оны 1 дүгээр улиралд ирсэн өргөдөл гомдлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Үүнд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гаргасан ёс зүйн зөрчилтэй холбоотойгоор иргэд, олон нийтээс ирүүлсэн гомдлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч хурлын ирц хүрсэнгүй. Тодруулбал, тус дэд хорооны гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хурал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Ёс зүйн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “М.Нарантуяа-Нара гишүүний гаргасан үйлдэлтэй холбоотойгоор нийт 45 гомдол ирээд байна. Үүнийг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэнэ” гэж байсан юм.

Дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөрийн цахим хуудаснаа “Гэртээ хүн байх эрхээ эдэлснийхээ төлөө ёс зүйгүйгээрээ дуудуулаад байж байна. Би хүн байх эрхээ хасуулна гэж их хурлын тангараг өргөөгүй. Төрийн ордон архи, тамхи байнга хэрэглэдэг УИХ-ын гишүүд олон байдаг. Тэр хүмүүст яагаад хариуцлага тооцохгүй байна вэ? Ёс зүйн хорооноос гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээжээ.