Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.04.08/ хуралдаан 10 цаг 26 минутад, ирвэл зохих УИХ-ын 29 гишүүний 15 нь буюу 51.7 хувь нь хүрэлцэн ирснээр эхэллээ.
Байнгын хорооны дарга Н.Наранбаатар чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав.
Хуралдаан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нараас 2026.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг гишүүн П.Сайнзориг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, дэлхий дахинаа цахим спортын төрөл маш хурдацтай хөгжиж, зах зээлд томоохон орон зай бий боллоо. Энэ төрлийн спорт нь 1970-1980 онд видео тоглоом гарч эхэлсэн үеэс эхлэн өнөөдрийг хүртэл хөгжихдөө дэлхий даяар мэргэжлийн лигүүд байгуулагдаж, үзэгч дэмжигчдийн тоо олон саяар хэмжигдэж, шагналын сан ч энэ хэмжээгээрээ өссөн төдийгүй 2002 онд Азийн наадмын спортын хөтөлбөрт багтсан байдгийг дурдав.
Түүнчлэн и-спортыг дагаад ивээн тэтгэгчдийн асуудал байдаг учраас амжилттай байх тусам томоохон компаниуд хөрөнгө оруулж, хамтран ажиллах олон боломжуудыг эрэлхийлж байдаг. Нөгөө талаас ивээн тэтгэгч, цалин, хандив, нэмэлт орлого, рекламны орлого, шагналын сан зэрэг мэргэжлийн тамирчдын хувьд орлогын олон эх үүсвэрүүд байдаг боловч манай улсад энэ боломжууд одоогоор бүрэн утгаараа ажиллаж чадахгүй байгаа аж.
Шинэ тутамд эрчимтэй хөгжиж байгаа ирээдүйд амжилт үзүүлэх боломжтой гэж үзэж болох и-спортын төрөл нь цаашид дэлхий нийтэд хурдацтай хөгжиж байгаа бөгөөд аливаа салбарыг ялангуяа спортын аль нэг төрлийг хөгжүүлэхэд зөвхөн төсвийн хөрөнгө оруулалт бус татварын бодлогоор дэмжих нь чухал гэж үзэж, энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.
Энэ хуулийн төсөлд Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1.1-д заасан үндэсний шигшээ баг түүнд харьяалагддаг спорт холбоог хамруулснаар и-спорт болон бусад спортын төрлүүд хөгжих, нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг нээж өгнө гэдгийг П.Сайнзориг гишүүн танилцуулгадаа дурдав.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ж.Батжаргал, Р.Батболд, Д.Үүрийнтуяа, Ц.Даваасүрэн, Н.Алтанхуяг, Х.Булгантуяа нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хуулийн төслийн хүрээнд татварын ачаалал нэмэгдэх, төсвийн орлогод нөлөө үзүүлэх эсэх талаар Сангийн яам, Татварын ерөнхий газрын байр суурийг лавласан бол гишүүн Д.Энхтүвшин гадаад улсын иргэн хуулийн этгээдээс шигшээ багийн хэрэгцээнд зориулан буцалтгүй тусламж, хандиваар өгсөн техник хэрэгслийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас хөнгөлөх зохицуулалтад холбогдох төсөв, татварын байгууллагуудын байр суурийг лавлав.
Төсөл санаачлагч гишүүн П.Сайнзориг хариултдаа, Биеийн тамир спортын тухай хуулийн 10.1.1-д заасны дагуу байгуулагдсан бусад үндэсний шигшээ багууд хамрагдахгүй байх нөгөөтээгүүр, олимпын бус төрлийн и-спорт болон шатрын үндэсний шигшээ багуудыг төсөлд хамруулж байгааг тодотгов. Түүнчлэн тэрбээр хууль хүчин төгөлдөр үйлчилбэл аж ахуйн нэгж, байгууллагууд 1.0 хувиа зарцуулж байгаа учраас төсвийн орлого буурах, ачаалал нэмэх зүйлгүй гэлээ. Мөн хуулийн төслийн хүрээнд гаалийн тариф болон гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварт спортын үндэсний шигшээ багуудад гадаад улсын иргэн, аж ахуйн нэгжүүдээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг чөлөөлөх асуудлыг оруулсан нь хүүхэд залуучуудын бие бялдрын хөгжлийн төлөө гэсэн зорилго агуулж буйтай холбоотой хэмээв.
Харин Сангийн яамны татварын бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэн, Засгийн газрын тусгай санд хандив, дэмжлэг үзүүлэх боломж нь нээлттэй. Улмаар тус сандаа спортыг дэмжих сангаар нь дамжуулаад ямар төрлийн спортоо дэмжих, боломж нөхцөлөө гаргах хуулийн гаргалгаа байна гэсэн хариуг бид өгсөн хэмээн хариулж байлаа.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 56.3 хувь нь дэмжлээ. Харин хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцуулахаар болов.
