Алим модноосоо хол унахгүй ээ гэж…

Л.Оюун-Эрдэнэ МАН-ыг ямар болгосон, ямар нөхдийг парламентад оруулж ирснийг нийтээрээ харав. Асуудал ярихаар мэдлэг боловсрол дутдаг, хүн ярихаар дуу нь өндөрсөж, түүнийгээ алаад байна төр түшээд байна гэж эндүүрдэг эмэгтэйчүүдийг сүргээр нь, нэг дор нэг танхимд харах уйтай юм. Ийм түшээдтэй МАН ирэх сонгуулиудын ард хэрхэн гарах бол. АН-ын эмэгтэй гишүүд асуудал ярьдаг бол МАН-ын эмэгтэй гишүүд хүн ярьж, хүн рүү ноцсоор хоёр жилийн ард гарчихлаа гэхэд хатуудсан болохгүй. Хуулийн төслийг өөрт нь зориулсан, намайг л эгүүлэн татах гэлээ гэж орилолдох бүсгүйчүүдээр өөр олон хууль батлуулах гэж байснаас УИХ-ыг тараачихвал онох санагдсаныг хэлэх хэрэгтэй. Мань нөхөд, тэдэн дээр нэмээд үг нь үнэн гэж сонсогдохоо өнгөрсөн Х.Тэмүүжин тэргүүтэй УИХ-ын гишүүдийн эгүүлэн татах хуулийн төслийг бус С.Бямбацогт болоод Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нарын албан тушаалыг тойрч хэрэлдсээр өчигдрийг барав. Тиймээс санал хураалтыг хойшлуулж алх цохив. Яалтай билээ. Агуулга руу нь орж чадахгүй төслийг хэрхэн үргэлжлүүлэх билээ.

Уг нь хуулийн төсөлд УИХ-ын гишүүн авлига албан тушаалын хэрэгт холбогдвол, ёс зүйн алдаа гаргасан, хурлын ирц хангалтгүй нь холбогдох байнгын хорооны хуралдаанаар тогтоогдсон тохиолдолд УИХ-аар хэлэлцэн улмаар Үндсэн хуулийн Цэц эгүүлэн татахыг нь эцэслэн шийдвэрлэх байдлаар тусгасан. Хуулийг баталсан өдрөөс хэрэгжүүлэх ч өмнөх авлига албан тушаал, ёс зүйн хариуцлагыг авч хэлэлцэхгүй гэж байгаа. Хүн айж, хүүхэн уйлуулаад байхаар төсөл биш юм, уг нь.

Хуралдаа ирц бүрэн хамрагдаад, авлига албан тушаалын хэргээс алсхан явбал хувь хүнээс төө хол эл төслөөс АН-ын зарим гишүүд ч эмээж буй нь өрөвдмөөр, өчүүхэн харагдаж буйг хэлэх хэрэгтэй.

Тэд эрх баригч намын зодоон хуулийн төслөөр албачих нь гэж үзэж байгаа. Жирэмсэн эмийн шээх газар, жижиг тугалын бэлчих бэлчээрээс хол явж үзээгүй нөхдийн л айдас байх.

Одоогийн нөхцөл байдлаар У.Хүрэлсүх дахин сонгогдох боломжгүй байгаа. Түүнд намын даргаар эргэн ирэх боломж бий ч энэ тохиолдолд өөрийнх нь өргөн барьсан хуулийн төсөл эргээд өөрт нь эрсдэл дагуулахаас тус болохгүй. Тэгэхээр өчигдөржин айж орилолдсон гишүүдийн явдал хэтэрхий хуурмаг, урьдаас зохион байгуулж бэлтгэсэн юм биш биз гэмээр дуу өндөртэй, энтертайнментлаг байсныг ч мөн хэлэх хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан хуулийн төслийг иргэд, УИХ-ын гишүүдээр дэмжүүлэхэд Ерөнхийлөгчийн Тамгын газраас эхэндээ идэвхтэй анхаарч ажиллаж байгаад гэнэт өөрчлөгдөж, зарим үед төслийнхөө эсрэг ажиллаад байна уу гэмээр анзаарагдаж эхэлснийг дурьдалгүй өнгөрөөж болохгүй. Боломгүй бол эргүүлэн татахад л болох байтал хуулийн төслийнхөө эсрэг байдлыг дэмжин турхираад байх шиг ажиглагдах нь юуных юм бол…

Хуулийн төслийг дэмжиж байсан хуульчид хүртэл илтэд анзаарагдам эл байдалд гайхасхийн зогтусаж, төслийн талаар байр сууриа илэрхийлэхээс татгалзан төвөгшөөж эхэлсэн. Тэгэхээр Ерөнхийлөгчийн баг дотроо задарсан юм биш байгаа. Түүний баг командад хэн нэгний БЭТ ажиллаж буй юм биш биз.

Төрийн тэргүүний өмнөөс хуулийн төслийг тайлбарлаж гишүүдийн асуултад хариулж буй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга А.Бямбажаргал, Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр нарын үе үе гаргах бүдүүлэг хандлага хуулийн төслийг дэмжүүлэх гэхээсээ уцаарлуулж өөрсдийн эсрэг саналтайгаар турхирах мэт байгааг анзааргагүй нэгэн ч ажиглан шивэр авир хийж байна. Тэр бүү хэл Ерөнхийлөгчид хэлнэ, санаачлагчид нь дуулгая гэх зэрэг хандлага нь айлгах, цаашлаад нэг хүний хаанчлал дарамт хэрээс хэтэрчээ гэсэн мессежийг Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон өдрүүдэд санаатайгаар үлдээгээд байна уу гэх хардлагыг эрхгүй төрүүлж байгааг хэлэх хэрэгтэй. Товхондоо Төрийн тэргүүний өмнөөс хуулийн төслийг тайлбарлаж, асуултад хариулж буй баг санамсаргүй гэхээсээ санаатай гэмээр дээрэнгүй, бүдүүлэг хандлагыг илтэд үзүүлж буй нь үнэн.

Хуулийн төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэн, батлуулахад голлон анхаарч байсан Ерөнхийлөгчийн талынхан яагаад ийм байдалд хүрэх болсон юм бол. Хүсвэл өөрсдөө эргүүлэн татчихаж төсөлд ийн хандах нь баг команд задарсан, Ерөнхийлөгчийн дэргэд хэн нэгний БЭТ ажиллаж байна гэж хардахад хүргэж буйгаас өөрөөр харагдахгүй байгааг яалтай билээ.

Ерөнхийлөгчийн дүү, УИХ-ын гишүүн У.Отгонбаярын авир ааш гаргасан явдал энэ цаг үетэй санаандгүйгээр  тохирч таарна гэдэг сонирхолтой. Тэрбайтугай үйл явдал, сонин хачнаас хоцорч үзээгүй сайтуудаар бус ордны хов живээс холхон явдаг өдөр тутмын нэр бүхий сониноор эхэлж гарна гэдэг санаатай тавьсан өгөөш, дэгээ байсан юм биү биз гэх хардлагыг ч төрүүлж байна. Анхаарах өнцөг, анзаарах л үйл явц…