Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Заяабал нар 2025.12.31-ний өдөр өргөн мэдүүлсэн Санхүүгийн хоршооны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Төсөл санаачлагчийн илтгэлийг Д.Үүрийнтуяа, Эдийн засгийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг гишүүн Л.Соронзонболд танилцууллаа.
Манай улсад хадгаламж, зээлийн 172 хоршоо үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 53.5 хувь нь орон нутагт, үлдсэн хэсэг нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг. 2025 оны байдлаар тус салбарын нийт хөрөнгө 379 тэрбум төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 0.5 хувь, хадгаламж болон зээлийн дүн банкны зах зээлийн мөн үзүүлэлтийн 0.5 хувьтай тэнцэж буй. Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 10.3 сая төгрөг бөгөөд энэ нь Улаанбаатар хотод 17.4 сая, орон нутагт 4.9 сая төгрөг байна.
Хадгаламж эзэмшигч бүрт ногдох дундаж хадгаламжийн хэмжээ 5.3 сая төгрөг бөгөөд нийслэлд 7.5 сая, орон нутагт 2.9 сая төгрөг байна гэсэн судалгаа гарсан. Ноднин жилийн байдлаар хадгаламж, зээлийн хоршооны гишүүнчлэлтэй 77155 иргэн бий. Гэхдээ тэд манай улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын 5.5 хувийг эзэлж байна хэмээв.
Түүнчлэн иргэд хоорондын харилцан туслалцах зарчимд тулгуурлан байгуулагдаж, санхүүгийн үйлчилгээг зөвхөн гишүүддээ хүргэж ажилладаг санхүүгийн хоршооны салбар нь улсын санхүүгийн тогтолцоонд чухал ач холбогдолтой. Иймд төрөөс бодлогоор дэмжих учиртай. Монгол Улсын хувьд санхүүгийн хоршоодыг хамгаалалтын олон давхаргат тогтолцоог үе шаттай нэвтрүүлэх, салбарын нэгдсэн бодлого, удирдлагыг бий болгох замаар төрд үүсэх дарамтгүйгээр тухайн салбарыг хөгжүүлэх, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах замаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий хуулийн төслийг 13 бүлэг, 93 зүйлтэйгээр боловсруулсан тухай илтгэсэн юм. Эдийн засгийн байнгын хорооноос Санхүүгийн хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэв.
Илтгэл, танилцуулгатай холбогдуулан гишүүн Д.Энхтүвшин, хуулийн төслийг нэр томьёоны хувьд жигдлэх, тусгай зөвшөөрөл олгохдоо ач холбогдол багатай зүйлс шаарддагаа болих шаардлагатай талаар санал хэлж, гишүүн Л.Соронзонболд, хадгаламж зээлийн үйлчилгээнд уг төсөл ямар давуу тал авчрахыг тодрууллаа.
Манай улсын хадгаламж, зээлийн хоршоодын 80 орчим хувь нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа онцлогтой, энэхүү хуулийн төслийг баталснаар гурван давхар, найдвартай хамгаалалт бий болж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц хариулав.
УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, хууль батлагдсанаар үүсэх эрсдэл бий эсэхийг асуухад, хуулийн төсөл санаачлагч Д.Үүрийнтуяа, судалгаанд үндэслэн санхүүгийн түрээсийн болон даатгалын үйлчилгээ гэсэн гурван чиглэлийг нэмж тусгасан, энэ нь малчдын орлогын эх үүсвэрийг дэмжих, эдийн засгийг тэлэх хөшүүрэг болж, Санхүүгийн зохицуулах хорооноос хуульд заасан чиг үүргийн дагуу хяналт тавьж ажиллахаар тусгасан гэсэн хариултыг өглөө.
УИХ-ын гишүүн Б.Уянга, нөөц сан болон тогтворжуулалтын санд байрших мөнгөний талаар, менежментийг хэрхэн хийх, тооцоолол үндэслэл бий эсэх, хадгаламжийн даатгалын босго дүнг тодруулж асуусан. Мөнгөн хадгаламж бүхий 45750 гаруй хадгаламж эзэмшигчийн 96 хувь нь 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай байгаа. Хоршоодоор дамжуулан мөнгө хүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах бодлогыг ч хуулийн төсөлд тусгасан гэсэн хариултыг гишүүн Д.Үүрийнтуяа өгөв.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, хувь хүмүүс өндөр хүүтэй мөнгө зээлдэг, үр худалдаж авах зэрэг харилцааг хэрхэн зохицуулах талаар, гишүүн М.Ганхүлэг, өмнөх гашуун сургамж, алдааг давтахгүй байх асуудлыг хөндөн асуулаа.
Хуулийн төслийг санаачлагч Б.Заяабал, дэлхий нийтэд 411 сая гишүүнтэй хадгаламж, зээлийн хоршоод бий. Үүн дээр Хятад, Энэтхэг улсыг оруулбал, дэлхийн найман хүн тутмын нэг нь хадгаламж, зээлийн хоршооны гишүүнчлэлтэй. Ядуурлыг бууруулах олон хэлбэрийн дэмжлэгүүдийн нэг нь энэ байж болох юм гэж хариуллаа.
Манай улсын бичил санхүүтэй холбоотой бараан түүх хадгаламж, зээлийн хоршооны талаар сөрөг ойлголт, хандлагыг бий болгож, сурах бичигт шог зургаар илэрхийлэгдэн хүүхэд, багачуудад буруугаар ойлгуулж буй нь салбарын хөгжилд саад учруулж мэдэх уршигтайг гишүүн Д.Үүрийнтуяа сануулав. УИХ-ын гишүүн Г.Очирбат, хуулийн төсөлтэй холбогдох судалгааны үр дүнгийн талаар тодруулж, гишүүн М.Мандхай уг хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ санхүүгийн эрсдлийн шийдлийг нэмж тусгах шаардлагатай гэж байлаа.
Гишүүд ийн асууж, үг хэлж дууссаны дараа УИХ-ын дарга С.Бямбацогт хуралдаан даргалагчийн хувиар Санхүүгийн хоршооны тухай хуулийн төслийн талаарх санал хураалтыг маргааш хүртэл хойшлуулав.
