Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийн талаар хэлэлцлээ. Хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах хүрээнд үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан, нөхцөл, илрэлийн хэлбэр, хор уршгийг тодорхойлон үнэлж, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаан даргалагч Дам.Цогтбаатар уншиж танилцууллаа. Ажлын хэсгийг С.Одонтуяагаар ахлуулан гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулахаар төсөлд тусгажээ.
Уг асуудлаар гишүүн П.Сайнзориг, М.Нарантуяа-Нара, Дам.Цогтбаатар, Д.Ганбат нар асууж, үг хэлэхдээ, үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох болон хүүхэд хамгаалалд эцэг, эхийн оролцоо, хараа хяналт чухал гэдгийг онцолж байлаа.
Ийн хэлэлцээд, Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.3 хувь нь дэмжсэн тул тогтоолыг баталсанд тооцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
