Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.04.15)-ийн хуралдаан 14.30 цагт УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Ж.Баясгалан С.Зулпхар, Д.Рэгдэл, А.Ариунзаяа, Б.Бейсэн, Т.Мөнхсайхан, М.Сарнай, Д.Энхтуяа, О.Батнайрамдал, Ж.Галбадрах, Ц.Мөнхтуяа, Г.Хосбаяр, Д.Батлут, М.Нарантуяа-Нара нарын буюу нийт гишүүдийн 55.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааныг Л.Энхнасан даргалан явуулж, гишүүн Б.Уянга, Д.Рэгдэл, Г.Хосбаяр нарын энэ оны долдугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн юм. Үүний дагуу төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллажээ. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ц.Баатархүү, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, Д.Ганмаа, О.Саранчулуун, С.Эрдэнэбат нар орсон байна. Байнгын хорооны хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар танилцуулга хийлээ.
Хуулийн төсөлд Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяанд байгуулж, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв болгон, ил тод ажиллуулах, мөн төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагыг өөрийн үндсэн чиглэлээрээ тендер шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх зохицуулалтыг тусгаад байсан юм.
Түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллагад дээд боловсролын байгууллагыг бус судалгааны их сургуулийг хамааруулах тухай өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байсан юм.
Гэвч ажлын хэсгээс хууль хоорондын зөрчилтэй болон агуулгын давхцалтай заалтуудыг буюу төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага тендер шалгаруулалтад оролцоход баталгаа шаардахгүй байх, тентерт шалгарч бий болгосон бүтээлийг судалгааны санд байршуулах тухай зохицуулалтуудыг хасах нь зүйтэй гэж үзсэн байна.
Мөн дээд боловсролын байгууллага бүрийг бус зөвхөн судалгааны их сургуулийг л эрдэм шинжилгээний байгууллагад хамааруулах тухай заалт шаардлагагүй гэж үзэн хасах санал гаргасан байна.
Байнгын хорооны хуралдаанаар чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-д заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэв. Ингэхдээ ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэнээр Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн санг байгуулах, түүнийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан, ил тод, нээлттэй ажиллуулах зохицуулалтууд үлдэж буй юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
