Сүхбаатар аймаг, Асгат сум Дөхөм багийн “Улаан хавцал” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.04.14-ний өдрийн 15:40 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Дөхмийн уурхайд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, “Цагаан залаат” ХХК-ийн нийт 53 хүн, 10 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 04.14-ний өдрийн 21:40 цагт цурамд оруулан, 04.15-ны өдрийн 17:15 цагт унтраасан байна. Аварсан эд хөрөнгө: Малчин Б-ын 4 ханатай 1 гэр, Б-ын 5 ханатай 1 гэр, Б-ийн 4 ханатай 1 гэрийг авран хамгаалсан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2000 га талбай өртөж шатжээ.
Тус аймгийн Эрдэнэцагаан сум Бадрах багийн “Өлзийт хүрэн” гэдэг газарт хээрийн түймэр гарчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Дарьганга суманд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Эрэн хайх, аврах салбар, Сүхбаатар сумын “Дөхмийн уурхай”-д ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан, Дундговь аймгийн Онцгой байдлын газар, ХЦ 0146 дугаар ангийн алба хаагчид, “Далай булаг” ХХК-ийн нийт 46 хүн, 8 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 04.15-ны өдрийн 23:10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 24000 га талбай өртөж шатсан байна.
Мөн Эрдэнэцагаан сум Хөндлөн хайлааст багийн “Бухын цагаан булаг” гэдэг газар хээрийн түймэр гарч, түймэрт 24000 га талбай өртөж шатжээ.
