“Хөдөө аж ахуйн инженерчлэлийн хөгжил, хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөлдөх уулзалт энэ сарын 1-ний өдөр ХААИС-ийн Захиргааны II байрны Эрдмийн зөвлөлийн танхимд боллоо.
Тус уулзалтын зорилго нь хөдөө аж ахуйн инженерийн салбарын тогтвортой хөгжил, инновац, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, боловсрол–үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, салбарын тулгамдсан асуудлыг хамтын оролцоонд тулгуурлан хэлэлцэж шийдвэрлэхэд чиглэв.
Хэлэлцүүлгээр салбарын өнөөгийн нөхцөл байдал, техник технологийн шинэчлэлийн хэрэгцээ, ахмад ба залуу инженерүүдийн мэдлэг туршлагын залгамж холбоо, дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, судалгаа инновацыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжуудыг хөндөн ярилцлаа. Мөн инженерүүдийн мэргэжлийн хөгжил, ёс зүй, хамтын ажиллагаанд суурилсан бодлогын санал, зөвлөмж боловсруулах талаар санал солилцов.
Уулзалтыг ХААИС-ийн Инженер, технологийн сургууль зохион байгуулж, Монголын инженерүүдийн холбоо хамтран оролцов. Хөтөлбөрийн хүрээнд “Хөдөө аж ахуйн техникт нэвтэрч буй орчин үеийн технологи”, “Инженерийн салбарын өнөөгийн байдал ба ирээдүй” сэдвүүдээр илтгэл тавигдаж, нээлттэй хэлэлцүүлэг өрнөв.
Энэхүү уулзалт нь салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, цаашдын хөгжлийн бодлого тодорхойлоход чухал ач холбогдолтой боллоо.
