Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлиг болон Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцсэн уг арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд болон ХЗДХЯ, ТЕГ, ГЕГ, НЭМҮТ, ЦЕГ-ын холбогдох албаныхан оролцсон.
Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлигийн хэрэгжилтийн тоймыг Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан танилцуулсан. Тэрбээр зарлигийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд өнгөрсөн онтой харьцуулахад архи, согтууруулах ундааны борлуулалт 12,5 хувиар, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчил 15,8 хувиар буурсан үзүүлэлт гарсныг онцлон дурдаад “Бид өвчилсний дараа нь оношлох, эмчлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн. Түүний хор уршгаар жил ирэх тусам бүх төрлийн өвчлөл нэмэгдсэн. “Эрүүл монгол хүн” хөдөлгөөний үйл ажиллагаа нь иргэдэд өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд чиглэж байна.
Хэлэлцүүлэгт оролцсон ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте “Архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ нь Нийгмийн эрүүл мэндийн хувьд томоохон асуудал бөгөөд дэлхий даяар үүнээс шалтгаалан гурван сая хүн нас барж, олон сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, эрүүл мэндийн доройтолд орж байна” гээд дэлхий нийтэд өвчлөлийн 5.1 хувь нь архинаас шууд хамааралтай гэсэн судалгаа гарсныг хэлж байлаа. Түүнчлэн Монгол Улсад 270 хүн тутамд архи, согтууруулах ундаа борлуулах нэг цэг ногдож байгаа нь дэлхийд маш дээгүүрт орох үзүүлэлт. Тиймээс шинээр гарсан хууль тогтоомж, “Эрүүл монгол хүн” хөтөлбөрөөр дамжуулан энэ тоон үзүүлэлтийг бууруулна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад сүүлийн таван жилд согтууруулах ундааны хэрэглээ, үйлдвэрлэл тасралтгүй нэмэгдсэн байдгийг “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль, “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан”-ын үйл ажиллагаа” илтгэлийг тавьсан Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа дурдсан.
Хэлэлцүүлэгт оролцогчид архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах талаар байр сууриа илэрхийлж, тодорхой санал санаачилга гаргаж байлаа. Наркологийн эмнэлгийн дарга Д.Ганбат “Манай байгууллагад жилдээ 2500-3000 хүн эмчилгээ хийлгэдэг. Хэлэлцүүлгээр эмчилгээний чанар, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зэрэг олон асуудал яригдаж байна. Бид өнгөрсөн жил Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Итгэл” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ жил 900 иргэнийг хамруулан зохион байгуулахаар ажиллаж байна. Архи согтууруулах ундаатай холбоотой асуудалд маш олон байгууллага хамтарсан бодлого боловсруулж байж үр дүнд хүрдэг. Түүнчлэн манай улсад мансуурлын мэргэшсэн мэргэжилтэн байхгүй” хэмээсэн юм.
Согтууруулах ундааны борлуулалтын хувьд 2022 оны эхний хагаст 16,8 сая литр, харин 2023 оны мөн үед 14,6 сая литр болж, архины худалдан авалт 2.2 сая литрээр багассан эерэг өөрчлөлт гарсан. Үүнийг өргөн хэрэглэдэг 0.5 литрээр тооцож үзвэл 4.4 сая шил архи хэрэглэхээс зайлсхийсэн, насанд хүрсэн нэг хүнд ноогдох архи 2 шил архиар багассан гэж үзэж болно. Мөн импортолсон согтууруулах ундааны хэмжээ 150 мянган литрээр багассан зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсан нь Монгол Улсад анх удаа архи, согтууруулах ундааны хэрэглээ буурсан үзүүлэлт гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.