Мансууруулах бодистой холбоотой хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал, 

– Г.У нь Бүгд Найрамдах Турк Улсаас гэр бүлийн гишүүнийхээ нэр дээр ачаа тээврийн карго ашиглан 2023.04.30-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

– А.П нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын I жагсаалтад багтсан каннабинол, каннабидиолын агууламжтай бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар 2026.01.23-ны өдөр хүртэлх хугацаанд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

– Ө.М нь 2025 оны 7 дугаар сард НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын I жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “MDMA” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн, М.Ц нь тухайн бодисыг өөртөө хэрэглэх зорилгоор бусдаас олж авч, биедээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

– Б.А нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, Япон Улсад үйлдвэрлэсэн, ханиадны гэх нэршилтэй 9 хайрцаг эмийг улсын хилээр нэвтрүүлсэн, 2025.10 сараас 2026.02 дугаар сарын хүртэлх хугацаанд бусдад худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

– О.А нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, Япон Улсад үйлдвэрлэсэн, ханиадны гэх нэршилтэй 3 хайрцаг эмийг улсын хилээр нэвтрүүлсэн, 2025 оны 12 дугаар сараас 2026 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд бусдад худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах ) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.