Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Эрчим хүчний салбар нь Монгол Улсын суурь асуудал учраас онцгой ач холбогдол өгч байна. Тулгамдсан асуудлыг аргалах, аргацаах байдлаар биш, сууриар нь урт хугацаанд шийдвэрлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд санхүүгийн хувьд бие даасан, үнэ тарифын хувьд иргэдэд ээлтэй, үр ашигтай, шинэ технологи нэвтрүүлсэн эрчим хүчний салбарыг бий болгохын төлөө дорвитой шинэчлэл хийж байна. Засгийн газраас энэ чиглэлээр хэд хэдэн тогтоол гаргасан. Хаврын улирал дуусаагүй байгаа ч эрчим хүчний салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл онцгой чухал асуудал юм. Үүнтэй холбоотойгоор дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр үүрэг, чиглэл өгсөн.
Нэгдүгээрт, хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Сэлэнгэ аймаг дахь 70 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг хугацаанд нь ашиглалтад оруулах. Хоёрдугаарт, БНХАУ-аас эрчим хүч импортлоход шаардлагатай цахилгаан дамжуулах дэд станцын ажлыг шуурхайлан ашиглалтад оруулах. Гуравдугаарт, оргил ачааллын үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн цахилгааны хэрэглээг хязгаарлахгүй байхын тулд зай хураагуурын төслүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэх. Дөрөвдүгээрт, таван аймагт, таван байршилд нарны цахилгаан станцыг нээлттэй сонгон шалгаруулалтаар яаралтай хэрэгжүүлэх.
Хамгийн чухал нь үнэ тариф гэхээс илүүтэй эрчим хүчний үр ашиг, зардал, засаглалын асуудалд анхаарч байна. Цахилгаан, дулаан дамжуулах, түгээх өртгийг хэрхэн бууруулах талаар хэлэлцэж, хамгийн багадаа 3 хувиар бууруулах зорилт тавьсан.
Зардлыг 3 ба түүнээс дээш хувиар бууруулах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд үүнд зөвхөн зардал танах бус засаглал, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, орон тооны оновчлол зэрэг судалгаанд суурилсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Мөн хэрэглэгчдэд чиглэсэн, иргэн төвтэй цахим, ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Дулааны хэрэглээний хувьд, Монгол Улсад тоолууржилт хангалтгүй байна. Дулааны тоолуурыг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлыг энэ оны гуравдугаар улиралд эхлүүлнэ. Одоогоор иргэд, байгууллагууд дулааныг хэр хэмжээтэй хэрэглэж байгаагаа нарийвчлан мэдэх боломжгүй байгаа нь зохисгүй үзэгдэл юм. Судалгаагаар Монгол Улсын барилга байгууламжийн 53 хувьд дулааны тоолуур суурилуулах боломжтой гэж үзсэн бөгөөд боломжтой газруудаас эхлэн үе шаттайгаар суурилуулж эхэлнэ” гэв.
