Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Түмэндэмбэрэл, тус газрын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан З.Б нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бүлэглэн “яаралтай дархлаажуулалт” нэрийдлээр нээлттэй тендер шалгаруулалт зарлахгүйгээр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Х…” ХХК-тай 2018.09.12-ны өдрөөс 2020.04.02-ны өдрийн хооронд шууд гэрээ байгуулж, 3 тэрбум, 927 сая төгрөг шилжүүлж, бусдад давуу байдал олгон улсын төсөвт 3 тэрбум, 927 сая төгрөгийн хохирол учруулсан байдаг.

Мөн Д.Т нь төрсөн охиныхоо нэр дээр 291 сая төгрөгөөр орон сууц худалдан авч, тухайн орон сууц болон мөнгөний эх үүсвэрийг 2018-2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй. Түүнчлэн өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Үндэслэлгүйгээр хөрөнгөжих), Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт (Мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.