Улстөрийн хүрээнд болж буй үйл явдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн асан П.Анужин өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Томчууд бид ч яахав тулаад ирсэн үнэн худлыг даваад гарна. Харин аль ухаанаа олохгүй, амьдралын наад цаадахыг мэдэхгүй хүүхдүүдийн сэтгэл зүрх нь гэмтчихдэг юм. Зарим тохиолдолд засахад хэцүү өвдчихдөг юм….
Ковидын үед, хариуцлагатай ажил хашиж, ард түмнийхээ эрүүл мэнд, халдвар хамгаалалд зүрх сэтгэл чилсэн өдрүүдтэй давхцаж намайг 4 эцгийн 4 хүүхэдтэй, 2 салж болно 4 салахдаа яахав дээ гэдэг яриаг ТВ-ээр цацаж байсан.
Хүмүүс жиг жуг яриад, энийг харав уу тэрийг үзэв үү гэж бичээд байсан. Ажил их байсан тул амжихгүй байсаар оройхон харсан.
Харсан даруйд хэдэн хүүхэд минь бодогдоод, тэр дундаа өсвөр насны 2 охиндоо санаа их зовсон. Эрх биш 2 охин маань удам судар, эцэг эхээ мэднэ дээ гэж тайтгаравч анги танхим, багш хүүхдүүд нь яадаг юм бол доо гэсэн бодол зүрхийг урж байсан.
Ордноос гарах гээд явж байтал С.Амарсайхан гишүүн ( тэр үеийн) таарсан. Хүний үр хүүхэд амьдралыг ингэж гүтгэж доромжилдог яасан увайгүй юм бэ, болохгүй шүү дээ, тайван байхыг хичээгээрэй, хүмүүс үнэнийг ялгана аа гэж хэлж байсан.
Хүн таван үгэндээ танигддаг, тийм үг хэлж байгаа эр хүнд гэр бүл, үр хүүхэд нь хичнээн үнэ цэнэтэйг хэлэх илүүц.
Буян Жагаа 2 охиныг минь эцэг өөртэй гэж гүтгэснээс хүүхдүүд маань сургуулиа өөрчилж байсан юм….
Тэр үеийн тэдний туулсаныг би яаж засахаа одоо ч мэддэггүй, ярилцахыг л хичээдэг. Харин тэд тэр үеийн бодолдоо эргэж очмооргүй зугтаж байдгийг би харин мэдэрдэг.
Энэ тухай дэлгэрүүлэхээ болъё. Би хувийн байр суурьнаас энэ асуудлыг хөндөх гээгүй юм. Бүхий л шатанд ямар ч гэм зэмгүй хүүхдүүдийг шархлуулах зүрхтэй хүмүүс олширсон нь энэ нийгмийн айх эмээх, яаралтай засах сэдэв мөн шүү! Ийм үйлдэл гаргагсдыг дэмжихгүй, хөөргөхгүй хатуу арга хэмжээ авдаг болох ёстой.
Сандал суудал эрх мэдлийн төлөө, шунал тачаал хуурамч зуурдын төлөө бид хүнээ байн алалцаж байна, Гамшиг!
Хүний эмзэг нандин үр хүүхэд, элэг зүрхний хань ижил, ижий аавуудыг барьцаалж “тоглож” байна, Бузар!
Эрчүүд давамгайлсан улс төрд өөрөөсөө хүчгүйг дээрэлхэж, үр хүүхдээр барьцаалдаж, өр зүрх, удам сударгүй мэт авирлаж, тэнэг харалган үйлдлүүд хэтэрч, бид тулга байтугайгаа тойрох тэнхээгүй болтлоо оюун санааны доройтолд орлоо. Их хэрцгийшэлд уналаа…
Нэгэн цагт С.Амарсайхан надад хэлж байсан “хүмүүс үнэнийг ялгадаг” гэдэг үгийг түүний гэргий Ч.Ичинхорлоод энэ бичвэрээр дайя! Тайван байхыг хичээгээрэй Ихо!” гэв.
