Төсвийн байнгыни хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Ажлын хэсэг татварын хуулийн төслүүдэд туссан асуудлыг нарийвчилан судалж, холбогдох судалгаа, тооцоолол, мэдээлэл, татвар төлөгчдөөс болон УИХ-ын гишүүдээс ирүүлсэн саналтай танилцсан бөгөөд хуулийн төсөлд туссан асуудал бүрийг нэг бүрчлэн хэлэлцсэн гээд дараах асуудлыг танилцуулсан.
1.УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ гишүүн нараас 2026.03.19-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд аж ахуйн нэгж, байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд олимп, тивийн наадмын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг албан татвараас хасаж, хөнгөлөх зохицуулалтыг тусгах,
2.Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд татварын өр барагдуулах ажиллагаанд татвар төлөгчийн санхүүгийн чадамж, бизнесийн үйл ажиллагаанд учирч болзошгүй хүндрэл, эрсдэлийг харгалзан дансыг бүхэлд нь битүүмжлэх бус, дансанд орох орлогын 20 хувийг дансанд нь үлдээх зохицуулалтыг 30 хувь болгон нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгах,
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд туссан НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх зохицуулалтыг иргэн, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдээс өнгөрсөн 2 жилийн хугацаанд ирүүлсэн саналд үндэслэн хасах,
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд туссан өндөр үнэлгээтэй суудлын автомашинд татвар ногдуулах босго үнийг 100,000 ам.доллар буюу гадаад валютаар тогтоосныг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгтэй нийцүүлэх асуудлыг тусгасан.
3.УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүнээс 2026.03.30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газраас 2026.05.07-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.26-д заасны дагуу хууль санаачлагчид нэгтгэн хэлэлцэхийг зөвшөөрсөн тул нэгтгэн хэлэлцүүлэхээр болсон. Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хуулийн нэр томьёог хоёрдмол утгагүй, товч тодорхой илэрхийлэх нийтлэг шаардлагын хүрээнд зарим саналыг томьёолсон гэдгийг танилцуулгадаа дурдлаа.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүн Б.Заяабал нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд туссан хугацаа хойшлуулахтай холбоотой заалтыг Татварын ерөнхий хуулийн төсөлд тусгаагүй шалтгаан нөхцөлийг, гишүүн Д.Үүрийнтуяа татварын ерөнхий хуулийн төсөл хэлэцэж байгаа энэ үед Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай гэх мэт бусад хуультай уялдаа холбоог хангах, шаардлагатай зохицуулалтыг хийгээгүй шалтгааныг, гишүүн Г.Ганбаатар хөдөө аж ахуйн салбарт татаас дэмжлэг олгох зохицуулалтыг тусгаж болоогүй эсэхийг лавлаж, хариулт авсан. Ингээд ажлын хэсгээс бэлтгэсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар нэг бүрчлэн санал хураав. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
