“Эрдэнэс Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсгийн нээлтийг албан ёсоор хийж, олборлолт, хөрс хуулалтын ажлыг эхлүүллээ. Бортээгийн орд нь өнөөгийн судалгааны түвшинд ил аргаар ашиглах 424.2 сая тонн баталгаат нөөцтэй бөгөөд үүний 95 хувийг 1/3 коксжих нүүрс, 5 хувийг эрчим хүчний нүүрс эзэлдэг. Уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 15 сая тонн нүүрс олборлох боломж бүрдэх юм.
Монгол Улсын Засгийн газраас Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн менежментээр хэрэгжүүлж, үндэсний аж ахуйн нэгжүүдтэй хамтран хөрс хуулалт, олборлолтыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн нь ийнхүү бодит ажил хэрэг болж байна.

Бортээгийн ордын нээлтийн ёслолын ажиллагааг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэллээ. Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням зочид төлөөлөгчид болон уурхайчдад баяр хүргэж, амжилт хүссэнээр ордын олборлолтын үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ.
“Эрдэнэс Тавантолгой“ ХК Бортээгийн төслийг амжилттай хэрэгжүүлснээр 27 тэрбум ам.долларыг Монгол Улсын эдийн засагт төвлөрүүлж, 1500 гаруй ажлын байрыг шинээр бий болгож эх орны хөгжил цэцэглэлт, нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжиж, Монгол Улсын иргэн бүрд хүрэх байгалийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

