Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.06.29/ хуралдаанаар Засгийн газраас 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хууль, тогтоолын төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн Г.Ганбаатар Евразийн хэлэлцээрийн хүрээнд таван улсаас тамхи, тамхин бүтээгдэхүүнийг гаалийн албан татваргүй оруулж ирж байгаа нь бусад улс орнуудаас оруулж ирж байгаа эл бүтээгдэхүүний татварын хооронд зөрүүтэй байдал үүсэх эсэх, тэгш зарчмыг баримталсан талаар гишүүн Ж.Батжаргал Тамхины хяналтын тухай хуульд онцгой албан татварт өөрчлөлт оруулж байгаа тул Евразийн хэлэлцээрийн хүрээнд гаалийн албан татварыг тэглэх болсонтой холбоотойгоор онцгой албан татвар ногдуулах болсноор хууль хоорондын нийцлийг хэрхэн хангах талаар тодруулж, хариулт авсан.

Хууль, тогтоолын төслийн талаар гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул гишүүн Н.Наранбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэх горимын санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Х.Болормаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

 Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Дараа нь “Төрийн аудитын байгууллагын 2027 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ талаар Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав. Төрийн аудитын байгууллага хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хүрээнд бодлогоор гүйцэтгэх нийт 35 аудитын сэдвийг судалж бэлтгэснээс хуульд заасны дагуу гүйцэтгэх 23, төрийн аудитын бодлогоор гүйцэтгэх 12 сэдвийн хүрээнд аудит хийхээр төлөвлөсөн байна.

Аудитын байгууллага 2027.01.25-наас 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, улсын болон орон нутгийн төсөвт байгууллага, сан, төсөл, хөтөлбөр, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж холбогдох дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлнэ гэдгийг Ерөнхий аудитор танилцуулгадаа онцолсон.

Мөн “Газрын тосны өртөг нөхөх зардлыг баталгаажуулах, Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх, Улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн зардлын тайланд дүгнэлт гаргах, Үндэсний баялгийн сангийн тайланд аудит хийх зэрэг санхүү, гүйцэтгэлийн болон нийцлийн аудитыг хийхээр төлөвлөсөн гэлээ.

Төрийн аудитын байгууллагын бодлогоор гүйцэтгэх сэдвийн тухайд Монгол Улсын хөгжлийн бодлого тогтвортой хөгжлийн зорилго, зорилттой уялдуулан Ойн нөөц, түүний хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээлтийн үр дүн, хууль тогтоомжийн хэрэгжилт болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, үр нөлөө зэрэг сэдвийг тусгасан бол Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хорооны саналын дагуу Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөө, сэдэвт аудитыг хийхээр төлөвлөжээ.

Харин иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах зорилгоор төрийн мэдээллийн нэгдсэн “И-Монголиа” системээр ирүүлсэн саналуудыг харгалзан төрийн худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн нийцэл, төлөвлөлт, хэрэгжилт, үр нөлөөт байдал сэдвийг тусгасан гэж байлаа.

Сүүлийн жилүүдэд кибер орчин дахь гэмт хэрэг мэдээллийн аюулгүй байдлын зөрчил нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоо, түүний үр дүн, үр нөлөө сэдэвт аудитыг төлөвлөсөн төдийгүй, төрийн аудитын бодлогоор гүйцэтгэх сэдэв болон урьдчилсан аудитын хүрээнд эдийн засгийн суурь салбарын хөгжил, нийгмийн үр нөлөөг харгалзан Гашуун сухайт, Ганц мод, хил дамнасан төмөр зам мега төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн байдлыг хянан үзэх шаардлагатай хэмээн үзсэн байна.

Түүнчлэн Монгол Улсаас 2023-2025 онд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан алт, зэс, жонш, төмрийн хүдэр, нүүрсний экспортолж буй үйл явцын үр дүн болон “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, үр нөлөө зэрэг сэдэвт аудитыг сонгон тусгасан нь засаглалын үр нөлөөг сайжруулах, иргэд, олон нийтийн хүсэлт, шаардлага, нийгмийн хүлээлтийг дэмжихэд чиглэж байгааг С.Магнайсүрэн дарга танилцуулгадаа дурдсан.

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүн П.Сайнзориг, Р.Батболд, Б.Заяабал, Г.Ганбаатар, Д.Үүрийнтуяа нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд Төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтын төлөвлөлт, тогтолцоо, хяналтын үр нөлөө сэдвээр аудит хийж буйг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ уламжлалт болгон хийдэг ажлуудаа бодит цагийн горимд хийдэг стандартыг нэвтрүүлэх шаардлагатай талаар, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийх асуудлыг хөндөж, санал хэлж байлаа.

Ингээд нь “Төрийн аудитын байгууллагын 2027 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах, эсэх санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 73.7 хувь нь дэмжив.