Төрийн аудитын байгууллагын 2027 оны төсвийн төслийн талаар хэлэлцлээ. Энэ талаар Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, төрийн аудитын байгууллага нь Төсвийн тухай хуульд заасны дагуу жил бүр төсвийн төслөө боловсруулж, улсын төсөвт нэгтгүүлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлдэг боловч байнга хасагдаж батлагдсаар ирсэн. Тухайлбал, сүүлийн 7 жилд дунджаар 13 хувиар хасагдсан гэдгийг онцолж байлаа.
Мөн тус байгууллагын 2027 оны төсвийн төслийг цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, тогтмол зардал, аудитын үйл ажиллагааны зардал, мэдээллийн технологийн шинэчлэл, ахмадын сан болон хөрөнгө оруулалтын зардлыг тооцон 111.0 тэрбум төгрөгөөр төлөвлөсний 66.4 хувь буюу 73.7 тэрбум төгрөг нь урсгал зардал, 33.6 хувь буюу 37.3 тэрбум төгрөг нь хөрөнгийн зардал байна гэв.
Энэхүү төсвийн төсөл нь 2026 оны батлагдсан төсвөөс 61.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд үүнээс урсгал зардал 25.2 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 36.0 тэрбум төгрөгөөр тус тус өссөн гээд хөрөнгийн зардлын өсөлт нь Үндэсний аудитын газрын болон 2 аймаг дахь төрийн аудитын газрын барилга, мөн автомашин, компьютер, тоног төхөөрөмжийн зардлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тусгасантай холбоотой гэж байлаа.
Тус байгууллага нь Засгийн газрын IV байранд байрлаж байгаа боловч байр, талбайн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан зарим албан хаагчид нь 2021 оноос өнөөдрийг хүртэл түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус газар нь сүүлийн 6 жилд нийтдээ 2.5 тэрбум төгрөгийг түрээсийн зардалд төлж ирсэн бөгөөд төсвийн хөрөнгийг үр ашиг, үр нөлөөтэй ашиглах, төрийн аудитын үйл ажиллагааг хараат бусаар явуулахад зайлшгүй өөрийн эзэмшлийн байрны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Мөн хоёр аймгаас бусад төрийн аудитын байгуулга нь өөрийн гэсэн байргүйг уг танилцуулгад дурдсан байв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, гишүүн Д.Цогтбаатар төрийн аудитын байгууллагын 2027 оны төсвийн саналаас барилга байгууламжтай холбоотой 31 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нь хасах, улмаар Сангийн яамнаас төрийн аудитын байгууллагын нэмэгдэл хийх асуудлыг холбогдох хууль тогтоолд өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах талаар зарчмын зөрүүтэй санал гаргав.
Иймд хуралдаан даргалагчаас гишүүдээс төрийн аудитын байгууллагын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэх явцад гарсан саналуудыг тусган, уг төслийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг дэмжих, төрийн аудитын байгууллагын хөрөнгө оруулалттай холбоотой гурван барилгыг хасах, орон нутгийн нэмэгдлийг олгох хуулийн гаргалгааг хамтад нь оруулж ирэх үүргийг Сангийн яаманд өгөх хүрээнд хоёр саналыг төсөлд тусгах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.2 хувь нь дэмжлээ.
