Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын алба хаагчид өчигдөр буюу энэ сарын 11-ний өдөр цахим орчинд “Рокerrrr2” гэх нэртэй аппликешн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан “А” нарын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлжээ.
Гэмт этгээдүүд нь poker буюу мөрийтэй тоглоомын аппликешин, сайт нээж, хэд хэдэн акаунтаар нэг тоглогчтой бооцоот тоглоом зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл цахим тоглоомын өрөө /ширээ/-нд 8 иргэнийг нэг группт оруулж, үнэндээ 8 иргэний олонх нь зохион байгуулагч этгээдүүд өөрсдөө олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан хуурамч акаунтууд зэрэг нээж, тоглож байдаг. Үүнийг сонирхогч иргэнд олон тоглогчтой мэт сэтгэгдэл төрүүлэн мөнгө хожих боломжийг хязгаарладаг. Өөрөөр хэлбэл та 7 хүнтэй ганцаараа тоглож байна, нөгөө талд бүх хөзрийг харж байдаг.
Мөрийтэй тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдах цаашилбал өрөнд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох, улмаар гэр бүл салах, хэвийн амьдрах бүх боломжоо алдах хор уршиг дагуулж байгаа нь энэ төрлийн гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлөөс харагдаж байна.
Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа нэгэн төрлийн арга гэдгийг та бүхэн анхаарах хэрэгтэй.
Иймд цахим мөрийтэй тоглоомд мөнгө төгрөг, эд хөрөнгө, амьдрал, цаг хугацаа, гэр бүлээ алдаж байгааг ойлгон ухамсарлаж, энэ төрлийн хууль бус үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.