Нийгмийн халамжийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.02/ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өргөн мэдүүлэв.
Өнөөдрийн байдлаар нийгмийн халамжийн чиглэлийн зургаан хуулийн хүрээнд эх, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өрх толгойлсон эх, эцэг болон нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд зориулсан 12 төрлийн хөтөлбөр, арга хэмжээг Нийгмийн халамжийн сангаас хэрэгжүүлж байгаа аж. Тус сангаас 2025 онд нийт 2.4 их наяд төгрөг зарцуулснаас нийт зардлын 27.8 хувь нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэг зэрэг нийгмийн халамжийн зорилтот өрх, иргэнд, харин үлдсэн 70 гаруй хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, одонтой эх, насны хишиг, жирэмсэн эхийн тэтгэмж зэрэг хөтөлбөрт зарцуулжээ. Иймд Засгийн газраас халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, өрх, иргэний амьжиргаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бие даан амьдрах чадварыг сайжруулах зорилгоор Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан 22 хуулийн төслийг боловсруулж, хамт өргөн мэдүүлж буйгаа Т.Аубакир сайд танилцууллаа.
Төслийн зорилго нь санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлж, халамжийг нэн шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэх, ядуурлыг бууруулах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн тэгш байдлыг хангах, салбар хоорондын уялдааг сайжруулахад чиглэсэн байна.
Хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгав. Тухайлбал, өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачлалыг боловсронгуй болгох, төрийн мэдээллийн систем, их өгөгдөлд суурилах, мэдээллийг ядуурлыг бууруулах салбар дундын бодлого, хөтөлбөрт ашиглах асуудлыг тусгажээ. Мөн асаргаа шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний бие даан амьдрах чадамж, хэрэгцээний цогц үнэлгээг хийх Мэргэжлийн хамтарсан зөвлөлийг аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн байгууллагын дэргэд одоогийн бүтцийн хүрээнд ажиллуулахаар тогтолцооны шинэчлэлийг төсөлд тусгасан байна.
Түүнчлэн нийгмийн халамжийн зарим тэтгэмж, дэмжлэгийг амьжиргааны түвшинтэй уялдуулах, хэмжээг эмзэг байдлаас шалтгаалан ялгаатай тогтоох, зарим дэмжлэгийг тодорхой хугацаанд олгох, зогсоох, нөхцөл, шалгууртай болгох зэрэг өөрчлөлтийг нарийвчлан тусгасан байна. Асрамжийн газраас гарсан хүүхэд, залуус, гэр оронгүй, архинд донтсон, хорихоос суллагдсан зэрэг нийгмийн зүгээс дэмжлэг шаардлагатай иргэдийг бие даан амьдрахад дэмжих үйлчилгээг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулах зохицуулалтыг тусгажээ. Гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийн сөрөг нөлөөг бууруулах үйлчилгээг олон нийтийн оролцоонд түшиглэн үзүүлэх, энэ чиглэлд халамжийн бодлогыг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулан хүргэх зохицуулалтыг тусгасан байна.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийг дагалдуулан боловсруулсан хуулийн төслүүд батлагдсанаар нийгмийн халамжийн өнөөгийн тогтолцооны хамрах хүрээ нь оновчтой, зорилтот бүлэгт чиглэсэн, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байж, үйлчилгээ нь иргэдийн идэвх, сонголтод тулгуурлан хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдсан, уян хатан, чанартай, хүртээмжтэй болно гэж төсөл санаачлагч үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
